Шууд Chart

“Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов

2024-04-02 15:08:50

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхөөр төлөвлөсөн байсан ч тус хэлэлцээрийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсэн тул Засгийн газраас эргүүлэн татаж буйг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ танилцуулснаар хэлэлцэх асуудлаас хасав.

Дараа нь “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2022 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсов.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2022 оны 03 дугаар тогтоолоор “Газрын тосны салбарын хөрөнгө оруулалт, экспорт, эрэл хайгуул, ашиглалт, олборлолт, байгалийн нөхөн сэргээлтийн асуудлаар газар дээр нь ажиллаж мэдээлэл авах, тулгамдаж буй асуудлыг судлан шийдвэрлэх, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх зорилгоор Дорнод аймгийн Тамсагбулагийн сав газарт ажиллах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий” ажлын хэсгийг байгуулсан  бөгөөд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахлан ажилласан юм. Тус ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулав.

Тэрбээр, Ажлын хэсэг 2021 оны 12 дугаар сараас хойш Дорнод аймгийн нутаг дэвсгэрт орших Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаар:

- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 63

- Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 19

- Үндэсний аудитын газраас 13

- Татварын ерөнхий газраас 20

- Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 65

- Гаалийн ерөнхий газраас 3 нийт 164 хуудас материалыг хүлээн авч нэгтгэн ажлын хэсгийн гишүүдийг мэдээллээр хангаж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд тайлан, мэдээллийг сонсгосон.

Улмаар “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 24-ний  өдрийн 03 дугаар тогтоолыг батлан Засгийн газарт чиглэл өгсөн гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 78 дугаар захирамжаар Газрын тосны ашиглалтын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайнуудад байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг шилжүүлэн авсан “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн хэрэгжүүлж буй бүтээгдэхүүн хуваах гэрээг дүгнэх, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх асуудлыг судалж, санал боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийг, мөн энэ ажлын хэсгийг мэдээллээр хангах зорилгоор Шадар сайдын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 51 дүгээр тушаалаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоор ахлуулсан дэд ажлын хэсгийг байгуулсан байна.  Дэд ажлын хэсэг нь “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, бүтээгдэхүүн хуваах гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх асуудлыг судалж санал, танилцуулгыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2021 оны 03 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт ирүүлжээ. Түүнчлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2022 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ХЭГ/87дугаартай албан бичгээр ирүүлжээ.

Иймд энэхүү тогтоолын хэрэгжилтийг сонсож ажлын хэсгийн үйл ажиллагаа дуусгавар болж байна хэмээн танилцуулсан.

Үргэлжлүүлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр болон газрын тосны салбарын хөрөнгө оруулалт, экспорт, эрэл хайгуул, ашиглалт, олборлолт, байгалийн нөхөн сэргээлтийн талаар мэдээлэл хийсэн.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2022 оны 03 дугаар тогтоолоор Засгийн газарт 12 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгосон бөгөөд чиглэл тус бүрээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу эцэслэн шийдвэрлэх, шаардлагатай бол холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Петрочайна дачин тамсаг” ХХК-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг хууль тогтоомжид нийцүүлэн олон улсын гэрээний түвшинд шинэчлэх, “Татварыг давхар ногдуулахгүй, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээрийн дагуу уг хэлэлцээрт өөрчлөлт оруулах замаар үүссэн асуудлыг шийдвэрлэх талаар санал гаргасан хэмээн мэдээлсэн. Мөн уг асуудлыг Хамтарсан Ажлын хэсгийн түвшинд гэрээг шинэчлэх талаар хоёр талын уулзалт, хэлэлцээрийн үед шийдвэрлэхээр төлөвлөж байна гэв.

Газрын тосны олборлолт, ашиглалтын үйл ажиллагаанд үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа гүний ус ашиглах технологийг өөрчилж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатай, орчин үеийн дэвшилтэт технологийг үе шаттай нэвтрүүлэх арга хэмжээ авахыг Байнгын хорооны 03 дугаар тогтоолоор чиглэл болгосон.

Энэхүү чиглэлийн хүрээнд  “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн, олон улсад нэр хүнд бүхий хараат бус эксперт томилон ажиллуулах тохиолдолд газрын тосны ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах гүний ус ашиглах технологийг өөрчилж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатай, орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэн ажиллах талаар зөвлөмж боловсруулан мөрдүүлэх боломж бүрдэнэ эгж Ажлын хэсэг үзсэн гэсэн мэдээллийг өгсөн юм.

Мөн хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Петрочайна дачин тамсаг” ХХК-ний Байгаль орчны менежментийн 2020 оны төлөвлөгөөний биелэлийг хангуулах, 2021, 2022 оны төлөвлөгөөг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд чаралтай баталж, хэрэгжилтэд хяналт тавих арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Байнгын хорооны тогтоол гарснаас хойш хоёр жилийн дараа биелэлтийг сонсож байна. Биелэлт туйлын хангалтгүй байна гэж үзэж байна. Биелэлт ярьж байхад төлөвлөгөө, баахан бичиг цаасны тухай л өөдөөс яриад байдаг. Үнэндээ бодитой хэрэгжсэн зүйл алга. Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүл гэсэн чиглэл энэ тогтоолд туссан. Сүүлийн үед газрын тосны олборлолт бараг зогсонги байдалд орчихсон,  гарч байгаа газрын тосны хэмжээ нь багассан гэж байна. Ингэхээр манай хүртэх ашиг бас тэр хэмжээгээр багасах нь тодорхой. Гэтэл гэрээнээс хүртэх үр ашгийг хэрхэн нэмэгдүүлсэн бэ. Газрын тос олборлох үйл ажиллагаа муудсан нь манайхаас шалтгаалсан уу хэмээн асуусан.

Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал,  2012 онд батлагдсан төлөвлөгөөнд жилдээ 1.5 сая тонн түүхий тос олборлохоор тусгагдан батлагдсан.  Үүн дээр үндэслээд шинээр байгуулах газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-г хийгээд жилдээ 1.5 сая тонн түүхий тос олборлож, шатахуун, нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажил хийж байгаа. Үүнээс хойш 2015 онд хамгийн их буюу жилдээ 1.1 сая тонн-ыг олборлосон. Түүнээс хойш олборлолт байнга буурсан. Манай Засгийн газар, төрийн байгууллагуудаас бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ нэмэлт, өөрчлөлтийг хийе гэсэн шаардлагыг тавьж байгаа. Татварын ерөнхий газраас өнөөдрийн байдлаар 436 тэрбум төгрөгийн акт тавьчихсан байгаа. НДЕГ-аас тавигдсан 4.7 тэрбумын актыг хүчээр биелүүлсэн. Үндэсний аудитын газраас 66.5 тэрбум төгрөгийн акт тавигдсан байгаа. Эдгээр нь олборлолт багасахад нөлөөлсөн. Өөр нэг шалтгаан нь АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой асуудал. АМНАТ-тай холбоотой асуудлыг “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн удирдлагууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үүнээс гадна орон нутгийн болон төрийн бус байгууллагуудын эсэргүүцэл үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болгож байна. Түүнчлэн технологийн гол ажлууд хийгдээгүйгээс энэ жил 583 мянган тонн тос олборлосон. Энэ байдлаар цаашид үргэлжилбэл 2027 онд газрын тосны үйлдвэр ашиглалтад ороход жилдээ 300 мянган тонн тос олборлох дүр зураг харагдаж байгаа юм. Тийм учраас бүтээгдэхүүн хуваах гэрээний асуудлыг шийдэж, одоо хөрөнгө оруулагч компанитай эцсийн байдлаар тохирох шаардлагатай байгаа гэсэн хариултыг өглөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


“Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов  
Үзсэн: 833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй