Шууд Chart

Япон улстай шүдний эмч, шүдний эрүүл ахуйч бэлтгэхэд хамтрах хүсэлт илэрхийлэв

2024-05-01 10:53:18

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн гишүүн Хиромичи Ватанабег хүлээж авч уулзлаа.

Тэрбээр Эрүүл мэндийн сайдад Япон улсын эмч нарын Монголд хэрэгжүүлсэн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах төслийн явцын тайланг гардуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох хүсэлт тавьсан юм.

Түүнтэй хамт нийслэлийн хоёр сургуульд шүд, амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн багийн эмч нар ирсэн. Тэд төсөл 2025 онд дуусах бөгөөд төслийн хугацаанд Японоос эмч нар ирж хүүхдүүдэд үзлэг хийсэн, мөн монгол эмч нарыг Японд сургасан нь ач холбогдол өндөртэй байсныг танилцуулсан.

Төслийн багийн хүүхдүүдийн дунд хийсэн үзлэгээр шүд, амны хөндийн эрүүл мэндийг сайжруулахад юуны түрүүнд урьдчилан сэргийлэхэд илүүтэй анхаарах ёстой гэсэн дүгнэлтийг хийсэн бөгөөд цаашид энэ чиглэлд үйл ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг иргэдийн дунд 2022 оноос хойш зохион байгуулж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдсан хүүхдүүдийн 67 хувь нь амны хөндийн эрүүл мэнд сайнгүй, шүд цооролттой гарсан учраас Засгийн газраас тогтоол гарган “Шүд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд урьдчилан сэргийлэх, эмчлэх олон төрлийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн бөгөөд Эрүүл мэндийн сайд Боловсрол, шинжлэх ухааны сайд хамтран тушаал гаргаж цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд шүд угаах зөв дадал хэвшүүлэх, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгоход анхаарч байгаа талаар танилцуулж, Японы эмч нарын Монголын хүүхэд залуусын амны хөндийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө хийж хэрэгжүүлж байгаа ажлыг үргэлжлүүлэхийг дэмжиж байгаагаа хэлсэн.

Тэрбээр “Амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр бидэнд тулгамдаж буй асуудлууд олон байна. Хамгийн наад зах нь улсын хэмжээний 330 сумын ердөө 30 нь шүдний эмч, шүдний кабинеттай. Бусад нь шүдний эмчгүй, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах, эмчилгээ хийх тоног төхөөрөмж байхгүй. Шүдний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 600 гаруй эрүүл мэндийн байгууллага байгаа ч 80 хувь нь Улаанбаатарт ажилладаг. Тиймээс энэ чиглэлд анхаарч шүдний эмч, шүдний эрүүл ахуйч бэлтгэхэд Япон улстай, ЖАЙКА байгууллагатай хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

Ноён Х.Ватанабэ С.Чинзориг сайдын тавьсан саналыг Эрүүл мэндийн яамандаа уламжилж, Монголын анагаахын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулийг Японы сургуулиудтай холбох замаар тодорхой асуудлыг шийдэх боломжийг эрэлхийлнэ гэдгээ амлав. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Япон улстай шүдний эмч, шүдний эрүүл ахуйч бэлтгэхэд хамтрах хүсэлт илэрхийлэв   
Үзсэн: 663 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй