Шууд Chart

Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Узбекистан Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг үзэглэлээ

2024-05-24 11:11:14

“GREENING TRANSPORT” сэдэвт Олон Улсын Тээврийн форум 2024-дээд хэмжээний уулзалтын үеэр “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн тохирч, 2024 оны тавдугаар сарын 22-ны өдөр хэлэлцээрийн төслийг хоёр тал үзэглэлээ.

“Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл нь 5 бүлэг 16 зүйлээс бүрдэж байна.

Энэхүү хэлэлцээрийн төсөл нь НҮБ-ийн хоёр талт хэлэлцээрийн загварт нийцэж байгаа бөгөөд хамрах хүрээ, нэр томъёоны тайлбар, хамтарсан хороо, эрх бүхий байгууллагыг тогтоох, тээврийн үйлчилгээний төрөл, тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл, зөвшөөрлийн шаардлагаас чөлөөлөх, тээвэрлэлтийг гүйцэтгэх нөхцөл, ерөнхий шаардлагууд, тээврийн хэрэгслийн жин, овор хэмжээ, тээвэрлэгчийн үүрэг хариуцлага, татвар, даатгалын асуудал, олон улсын үүрэг хариуцлага зэрэг тээвэрлэлтийн үйл ажиллагааны зохицуулалт, баримтлах шаардлага, нөхцлүүдийг багтаасан болно.

Хэлэлцээрийн үндсэн агуулга, зарчим нь худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, автотээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, автотээврийн салбарын үйл ажиллагаанд хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг хоёр тал нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх явдал юм.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар дараах ач холбогдолтой.

Монголын тээвэрчид гуравдагч орнууд руу тээвэрлэлт гүйцэтгэх, олон улсын зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх эрх зүйн зохицуулалт бий болно.

Хоёр улсын хооронд ТИР конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах боломж бүрдэн Хоёр улсын хооронд гадаад худалдаа өргөжинө.

Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөнө.

Түүнчлэн 2024 оны тавдугаар сарын 22-ны өдөр “Олон улсад авто замаар ачаа, зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн асуудлаар тус улсын Тээврийн яамны дэд сайд Анна Натоватай уулзаж, хэлэлцээр байгуулах дотоодын үе шатыг түргэвчлүүлэх, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх авах асуудлыг хэлэлцэн тохиролцлоо гэж ЗТХЯ-аас мэдээллээ.


Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Узбекистан Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг үзэглэлээ  
Үзсэн: 354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй