Шууд Chart

Г.Арвинбуян: Хүмүүс таргалалтыг жингийн илүүдэл гэж буруу ойлгодог

2024-10-15 16:25:35

Метрополис хотын иргэд аз жаргалтай амьдарч байгаа болов уу. Энэ их хотын амьдрал биднийг хааш нь хөтөлнө  вэ. Хөгжлийг дагаад амьдралдаа үе үехэн “рестарт” хийж байхыг цаг хугацаа харуулсаар л байх аж.

•  Агаарын бохирдлоос болж дэлхийд жилд  дундажаар 3.7 сая хүн нас бардаг.

•  Тарган хүмүүс жирийн хүмүүсээс долоон насаар бага насалж, нас барах тохиолдол 3-4 дахин их байдаг.

•  Дэлхийд чихрийн шижин өвчнөөр жилд 3.2 сая хүн нас барж байна. Тодруулбал: Нэг минут тутамд энэ өвчний улмаас хорвоог орхидог.

•  Амьсгалын замын харшил нь хүндэрсээр гуурсан хоолойн багтраад хүрнэ. Арьсны харшил нь хүндэрсээр экзем болно, хүнсний харшил нь хүндэрсээр ходоод гэдэсний хямралд хүргэдэг.  

•  Өдөрт зургаагаас илүү цагаар сууж ажилладаг эмэгтэйчүүд жирийн эмэгтэйгээс эрт хөгширдөг гэхчилэн бичээд л байж болно.

Тэгвэл толгой өвтгөсөн “Хотын өвчин”-өөс хэрхэн сэргийлж болох вэ. Түүн дотроо таргалалтаас яаж “аврагдах” вэ. Энэ хариулт авахаар Манба Дацан нэгдсэн эмнэлгийн УАУ-ы Их эмч Г.Арвинбуянтай ярилцсанаа хүргэж байна.

-Уламжлалт анагаах ухаанд цаг улиралдаа явдал мөр, идээ ундыг хэрхэн зохицуулах талаар нарийн заасан байдаг. Тухайлбал, биднийг ярилцаж буй энэ үед буюу өвөл бид хэрхэн “зөв амьдрах” вэ?

-Өвөл бол нар хойдод зорчин нарны хүч буурч, сарны хүч төгөлдөржин шөнө урт, өдөр богиносон гадна жавартай сэрүүнээр биеийн шар үсний нүх сүв хаагдан биеийн илч дотогш хурдаг. Илч дотор хурснаар ходоодны галын илч арвидан, хоол ундыг шингээх нь түргэн байна. Ийм үед идээ унд бага хэрэглэвэл биеийн тамир булаагдах тул амтлаг, исгэлэн, давслаг амттай, бүлээн чадалтай, тослог шимтэй (хонины мах,  шар тос, сүү, үрийн төрөл) зэрэг идээ ундыг тохируулан хэрэглэж, гаднаасаа шар тосоор иллэг хийгээд, наранд юм уу галын илчээр ээж, тамирыг тэтгэнэ.

Өвлийн цагт даарваас бөөр бэлхүүсний өвчин цаашлаад хий, бадган хямарч ханиад, яс үений өвчин, судас нарийсах гэх мэт олон өвчин үүсэх суурь болдог. Гуя шилбээ дарсан үслэг дулаан хувцас, өвдөг шагайнаас дээгүүр давсан гутлыг өмсөх хэрэгтэй. Малгайг бол тогтмол өмсөнө. Түүнчлэн биеийн үе барилдсан хэсгүүдийг даарахаас сэргийлнэ. Учир нь даарснаас барилдуулагч бадган буюу өрнийн анагаах ухаанд нэрлэдгээр үений шингэн барагдаж бүтцэд өөрчлөлт орж үе өвдгөөр өвдөх магадлалтай. Ер нь Уламжлалт анагаах ухаан-д өвчин үүсэх нөхцөлийг идээ унд, явдал мөр, ад, улиралтай холбон тайлбарлах нь бий. Үүнээс идээ унд, явдал мөрийг улиралтай зөв зохицуулж чадваас эрүүл байх боломжтой юм.

-Өөрийн байх ёстой жиндээ /жишээ нь, 160 см өндөртэй бол 48-61кг жинтэй бол хэвийн гэж үзнэ/ олон жилээр “үнэнч” явахад юу, юу нөлөөтэй вэ? Зөв хооллоно гэж юуг хэлээд байна вэ?

– Бидний хувьд уур амьсгалын эрс тэс байдлаасаа шалтгаалаад бие махбод, түүн дотроо ходоодны галын илч харилцан адилгүй өөрчлөгдөж байдаг. Тиймээс ходоодны галын илчиндээ тохируулан хооллох хэрэгтэйг өвөг дээдэс маань заагаад өгчихсөн байна шүү дээ. Тухайлбал, өвөлдөө махаа, хавартаа борц, зундаа цагаан идээгээ, намартаа айраг цагаа, бага зэрэг ангийн мах ид гэх мэт. Гэхдээ бид ингэж хооллож чадаж байна уу гэдгээ асуух хэрэгтэй. Хэрэв ингэж хооллож чадахгүй байгаа бол та буруу хооллож байна гэсэн үг. Буруу хооллолтоос болж хамгийн түрүүнд ходоод, элэг гэмтдэг. Ходоод, элэг гэмтэж эхэлснээс хооллох процесс алдагдан, төрөл бүрийн өвчин үүснэ. Үе мөч, ходоод, элэг, зүрх, уушги, нарийн, бүдүүн гэдэс өвдөж эхэлнэ. Тэгээд сав, давсаг бөөр нь өвчилж, улмаар бүх эрхтнийг өвчлүүлнэ. Энэ бол буруу хооллолтоос үүдэлтэй.

-Таргалалт гэх өвчнийг Уламжлалт анагаах ухаанд хэрхэн эмчилдэг вэ?

-Таргалалт бол нэг төрлийн өвчин. Ихэнх хүмүүс таргалалтыг жингийн илүүдэл гэж ойлгодог. Харин мэргэжлийн ойлголтоор жингийн илүүдэл гэдэгт булчин, яс, өөх, усны илүүдэл хэмжээ ордог. Таргалалт гэхээр эд эрхтэн, арьсан дор хэвийн бус өөхний хуримтлал буюу биеийн жин хэт нэмэгдэх бодисын солилцооны эмгэг юм. Уламжлалт анагаах ухааны үүднээс үзвэл таргалалт нь бодисын солилцооны эмгэг буюу долоон тамирын үйл ажиллагаа алдагдсантай холбоотой үүсдэг. Долоон тамир буюу тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг, дусал /улаан, цагаан дусал байх бөгөөд улаан нь сарын тэмдэг, цагаан нь үрийн шингэн/, мөн гурван хир болох өтгөн, шингэн, хөлс зэрэг нь хэвийн ялгарч байх ёстой.

Хэвийн хэмжээнээс арвидах, эсвэл дутуудсанаар бодисын солилцооны алдагдалд орж, таргалалт төдийгүй өөр олон өвчин үүснэ. Долоон тамир дундаас өөх арвидсанаар харвин, өөх ихсэж таргалах шалтгаан болно. Ер нь дотор өвчин бүхний шалтгаан нь эс шингэх юм. Тиймээс таргалалтын гол шалтгаан нь хоол тэжээлийн буруу хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, буруу дадал хэвшил, сэтгэлзүйн тавгүй идэвхгүй байдал хорт зуршил болно. Түүхий ногоо, шүүслэг жимс, амтлаг хоол хүнс, чихэр шоколад, амттанууд, кофе, даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүн, зайр-маг зэрэг ходоодны галын илчийг дардаг хүнд чанартай хоол хүнсийг их хэрэглэх нь таргалалт үүсгэх гол нөхцөл болно. Иймээс эдгээр хүнснээс аль болох татгалзаж, идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй.

07:40-11:40 цагт галын илч хамгийн бага байдаг учир хооллохгүй байх,

11:40-15:40 цагт галын илч хамгийн сайн байдаг учир шим тэжээлтэй хоол ундыг хэрэглэж болно,

15:40-19:40 цагт шингэц сайтай, хөнгөн, шимтэй хоол идэх хэрэгтэй,

19:40-23:40 цагт хоол идэхгүй байж ходоод гэдсийг амраах хэрэгтэй.

23:40-03:40 цагт хоол идэх нь хор идсэнтэй адил учир хооллохгүй.

03:40-07:40 хөнгөн шимтэй хоол хүнсийг заавал хэрэглэж заншихыг зөвлөнө дөө.

-Уламжлалт анагаах ухаанд жингээ хасах хамгийн шалгарсан арга юу байна вэ? Байх боломжтой юу?

-Таргалсан үед хүний бие махбодод гадна, дотор өөхжилт ихээр үүснэ. Мах, булчин дагаж хаван суваглаж, сав эрхтнүүдэд хий хуримтлагддаг. Тэгэхээр том гэдэстэй байх нь өвчин тээж явна л гэсэн үг юм. Бидний эрхтэн бүр өөр, өөрийн хэмжээтэй. Тухайлбал, ходоодны хэмжээ хүний өөрийнх нь гарын хоёр алганы хонхортой тэнцүү хэмжээтэй. Тиймээс нэг удаагийн хооллолтоор ¾-ийн хэмжээтэй хоол унд идэх ёстой атал хэмжээнээс нь хэтрүүлэн их иддэг. Ингэж хэтрүүлэн идсэнээр “Шингэлтийн гурван хүч” боловсруулах хүчин мөхөсдөж, шимтэй тунгалаг болон илүүдэл цөвөө зохих ёсоор боловсруулж дийлэхгүйд хүрдэг.

Бас эхний хоол тэжээлийг идсэний дараа бүрэн шингэх хүртэлх хугацаанд буюу дөрөв хүртэлх цагийн хугацаанд дахин нэмж хоол идэхгүй байх хэрэгтэй. Эхнийх нь шингээгүй байхад дараачийн хоолыг идэж болохгүй юм. Мөн тунгалаг, цөвийн дотоод боловсролт ид явагддаг үе буюу 20:00-05:00 цагийн хооронд хоол идэж болохгүй. Энэ нь тунгалаг, цөвийн боловсролтын явцыг хэвийн явагдахад чухал нөлөөтэй. Бас бадган хүйтэн нь ихсээд, өөхжилт тарга үүссэн байхад нь нэмээд их хэмжээний ус уух, чихэрлэг амттай жимсний шүүс дагнан хэрэглэх гэх мэт сэрүүн, хүнд чанартай хоол, унд хэрэглэж болохгүйг анхаарах хэрэгтэй.

-Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: П.Ундраа

Г.Арвинбуян: Хүмүүс таргалалтыг жингийн илүүдэл гэж буруу ойлгодог  
Үзсэн: 6886 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-10-24 18:56
Сүнжээдээ баярлалаа

Бидэнтэй нэгдээрэй