
Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн Нэвтрүүлгийн хэлтсийн дарга Б.Баярсайхантай ярилцлаа.
- МҮОН Радиогийн 80 жилийн ой тохиож байна. “Хөх тэнгэрийн радио-80” түүхчилсэн ном гарч байна. Эндээс яриагаа эхлэх үү.
- Монголын радиогийн түүх бол шинэ тулгар хөгжсөн монгол улсын түүх. Ингэж хэлэх эрх бий. 1927 он. Хувьсгал ялаад зургаахан жил болж байж. Айл ч гэсэн нүүж буугаад орон гэрээ төвхнүүлэх гэж хэрдээ их ажил болдог. Гэтэл нийгмийн цоо шинэ харилцаанд орж, засаг захиргааны хуваариа шинэчилж ядан байсан тэр жилүүдэд “Агаарын сонсох мэдээ хэрэглэх явдлын тухай хэргийг бодолхийлэн оролдвоос зохино” гэж нам төрөөс үзсэн нь Монголын радиогийн түүхэн үүргийг тодотгож байна. МАХН-ын Төв хороо 1930 онд тогтоол гаргаж Хувьсгалын 10 жилийн ойн өмнө “Агаарын сонсох мэдээ” явуулж эхлэх тухай товлож, техник эдийн засгийн үндэслэлийг гаргасан байна. Ингээд 1931 оны 5 сарын 1-нд Ленин клуб болон хэд хэдэн цэгт дуу хөгжим бүхий илтгэлийг радиогоор явуулан туршсан байдаг. Энэ бол монголын хөх тэнгэрт радио дуугарсан өдөр. Харин орон даяар тасралтгүй явуулж эхэлсэн нь 1934 оны 9 сарын 1 юм.
- Түүхийн ном бичнэ гэдэг материалын судалгаа хийх, архивт суух, ер нь л бичиг цаасны ажил ихтэй байх даа.
- Бид түүхийг шинээр бичиж, радиогийн түүхийн тухай бүтэн судалгаа хийж байгаа хэрэг биш л дээ. Эмхэтгэж, цэгцэнд оруулж байгаа л хэрэг. Эмхэтгэнэ гэдэг ч бас амаргүй зүйл юм. Адаглаад эхэн үеийн баримт материал бүрхэг, цэгцтэй, цогц байдлаар бичиж үлдээсэн, хадгалсан баримт, өгүүлэл ч байхгүй юм байна. Үндсэн эх сурвалж болгож барьсан ном гэвэл 2004 онд хэвлэгдсэн Магсарын Чойжил гуайн “Чихнээ сонсголонт радио” юм. За тэгээд бас бус ном байна. Тэдгээрээс үзэж харж түүхэн үйл явдал, он цагийн дарааллыг давхцуулахгүй нэг шугаманд зангидах зорилго тавьсан. Энэ номыг эргээд харахад радиогийн хөгжлийн ерөнхий дүр зураг гарч байвал эхний зорилго биелэлээ гэж ойлгож болох юм. Түүхийн онцлог үе, мөн онцгойлох юмгүй үе ч бай цагаан зай үлдээлгүй тасралтгүй хөвж дараагийн үед нь залгуулж бичихийг урьтал болголоо. Нэг зүйлийг онцлоход бид түүхийг шинээр бичээд байгаа юм биш шүү. Ахмад үеийн хийж үлдээсэн, тус тусдаа ном товхимол болон гарч салангид байсан бүхнийг хурааж, хумиж нэг болгосон санаатай.
- Номын бүтэц ямар байх бол. Хэдэн бүлэг хэсгээс бүрдэж байна вэ.
-“Хөх тэнгэрийн радио” ном 21 хэвлэлийн хуудас. Тэгэхээр бас чиг бага юм биш байгаа биз. “Голомт тулгагалсан он жилүүд” гэдэг эхний бүлэг байна. ХХ зууны эхэн үе гэдэг ямар байсан бэ. Шуудан харилцааны дэд бүтэц хөгжөөгүй, морин өртөө халагдаагүй байсан үе. “Үнэн” сонин тэр бүр хөдөөгийн малчны гар дээр очиж чадахгүй, очдог юм аа гэхэд уншиж тайлах хүн хир олон байсан бэ. Энэ цагт л монголын хязгааргүй хөх тэнгэрийг дүүргэж нүргэлсэн “Радио урлаг” гэдэг чухам гайхамшиг байсан бололтой. Ийм нөхцөлд инженер техникийн мэргэжлийн шинэ хүчин байхгүй шахам, мэргэжлийн сэтгүүлч сурвалжлагч бүр байхгүй. Ийм үед радио анх яаж бий болсон талаар өгүүлсэн хэсэг байгаа юм. Удаах бүлэг нь “Хөх тэнгэрийн энгээр”. Энэ бүлэгт 1960-аад он хүртлэх цаг үеийг хамарсан. Анхны сурвалжлагыг хийх гэж хэрхэн хөглөж байсан, анхны сурвалжлагыг хальсанд яаж бичиж байсан, Монголын радио “Эх орон” дуугаар эхэлдэг болсон гэх мэт. Ер нь бол 3-р интернационал дуугаар эхэлдэг байсан юм билээ. 1946 онд Коминтерн татан буугдсанаар шинэ эхлэл хэрэгтэй болсон шиг байгаа юм. Хожимхон нь бол төрийн дууллаар эхэлж, төрийн дууллаар жаргадаг болж. Энэ тухай дэд бүлэгт оруулсан даа. Харин гутгаар бүлэг нь “Монгол орон даяар” гэсэн нэртэй юм.
Энэ бол радимогийн хөгжлийн оргил үе буюу 1960-1990-ээд оны тухай. Монгол улс НҮБ-д элссэн, Монгол хүн сансарт ниссэн, атар газар эзэмшиж, нэгдэлжих хөдөлгөөн ялсан, “Баянмонгол“ чуулга, Улсын симфони оркестор, “Улаан бүч” чуулга, “Инээмсэглэл” хамтлаг Монголын радиогийн дэргэд байгуулагдсан зэрэг түүхэн үйл явдлаар дүүрэн он жилүүдийн тухай орж байна л даа. Түүнчлэн тухайн цагт ажиллаж амьдарч байсан уран бүтээлчид, дарга удирдлагын тухай дуртгалууд бий. Дөтгөөр бүлэг “Бидний эзэн олон нийт”. Ер нь бол шинэ мянганаас хойшхи үйл явдлын дүр зураг юм. Радио телевизийн хэрэг эрхлэх газар болсон, цаашлаад ОНРТ-ийн тухай хууль гарч, анхны Үндэсний зөвлөл байгуулагдсан зэрэг. Энэ тухай товчхон л доо. Тавдугаар бүлэг “Дэлхийд дуурссан “Монголын дуу хоолой”. Энэ бол гадаад нэвтрүүлгийн редакцийн товч танилцуулга гэж хэлж болно. Номонд 3 төрлийн хавсралт хийсэн.
Нэг дэх нь “Он цагийн товчоон”. 1930 оноос өнөөг хүртлэх онцгой, тэмдэглэлт үйл явдлын товчоон юм. Хоёр дахь нь “Амжилт дагуулсан алдрын эзэд” гэсэн хавсралт. АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг, Монгол улсын иерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал хүртсэн хүмүүсийн цувааг анх удаа гаргалаа. Чадах ядахаараа нэхэн сурвалжилж хийсэн. Алдсан оносон, орхигдуулж гээгдүүлсэн зүйл байж магад. Гурав дахь хавсралт нь “Зураг түүхийн баримт”. Радио хорооны анхны дарга Нидэнгийн Цэндсүрэнгээс авахуулаад олон ховор зураг, баримт орсон доо. Сонирхуулахад нэг хүнийг тахин шүтэхтэй холбоотой дуу хөгжмийг хөтөлбөрт оруулахгүй байх тухай шийдвэр гарч байсан байна. Тухайлбал “Пионерүүд Чойбалсандаа”, “Мао Зэдун дарга мандтугай” гэдэг дуу байх жишээтэй.
- Радио бол үе үеийн алдартнууд, сэхээтнүүд ажиллаж байсан газар. “Бага зохиолчдын хороо” ч гэж нэрлэгдэж байсан байх. Амжилт дагуулсан алдрын эзэд гэдэг сонирхол татаж байна.
- Төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын Лодойдамба радиогийн 4 дэх даргаар ажиллаж байжээ. Анхны радио сурвалжлагыг малчны хотноос Ч.Лодойдамба гуай хийж байсан баримт байна. Ардын жүжигчин С.Гончигсумлаа, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Төрийн шагналт зохиолч Д.Гармаа, П.Пүрэвсүрэн, З,Дорж, Долгорын Нямаа, Ц.Бавуудорж нар байна. УГЗ Төмөрийн Чимиддорж, С.Гонсумлаа гэдэг хоёр их авьяастан хөгжмийн редакцийг үе дамжуулан удирдаж байж. СГЗ нэвтрүүлэгч найруулагчид бол зөндөө юм аа. СГЗ Г.Чулуунбат, С.Батцэрэн, Б.Хишгээ, С.Бүргэд, Л.Хаянхирваа, за тэгээд УГЗ найруулагч Б.Баатар, УГЖ Г.Равдан гээд нэрлэвэл урт цуваа гарна даа.
- Номын онцлог ийм байжээ. Шинэ содон баримт, зураг сэлт их орсон болов уу.
- Нэхэн сурвалжилж хэд хэдэн түүхэн баримт олж оруулсан. Радиогийн анхны даргыг Ч.Лодойдамба гуайг ойлгодог байсан. Гэтэл Ө.Мөнх даргын ирүүлсэн материалийс үзвэл Ч.Лодойдамбын дараа Радио хорооны дарга байсан Г.Дуламдоржийн дуртгал, архивийн материалаас харахад Нидэнгийн Цэндсүрэн гэдэг хүн анхны дарга байжээ. Энэ хүн 1937 онд хэлмэгдэж цаазлагдсан байх юм. Энэ номд Н.Цэндсүрэн гэдэг хүний зургийг олж оруулсан. Радио бий болж байх үед цаг тэр болгон байдаггүй байж. Тиймээс нараар баримжаалж цаг зарладаг байсан тухай сонирхолтой баримт энд бий. Монгол хүн Сансарт нисэхэд Монголын радио Байконураас яаж шууд дамжуулж байсан талаар сонирхуулах, баримтжуулах үүднээс нэвтрүүлгийн бичвэрийг бүрэн эхээр нь оруулсан.
- Шинэ номоос гадна ойд зориулсан баримтат кино хийсэн гэсэн.
- Монголын радиогийн 70 жилийн ойн баримтат киноны зохиогчоор би ажилласан. Энэ кино бол тухайн үеийн Монголын радиогийн түүх. Редакц редакциар нь бүх хүмүүсийг кинонд багтаах зорилго тавьж байлаа. Харин энэ киног бол “Хөх тэнгэрийн радио” номын бүтэц, зарчмаар хийлээ. 1934 онд монгол улсын хэмжээнд 1700 радио цэг байжээ. Тэр үед радио өдөрт 2 цаг явдаг байсан байна.Тэгээд тухайн үеийн нийгмийн байдлын тухай монгол киноны хуучин баримт, дүрс бичлэг ашигласан. Нэгдэлжих хөдөлгөөн, атар газар эзэмших, соёлын довтолгоо, монгол хүн сансарт ниссэн, ардчилсан хувьсгал гэх мэт түүхэн үйл явдлуудад радио ингэж оролцож ирсэн гэдгийг товойлгон гаргаж өгсөн. Жишээ болгон хэлэхэд 1966 оны үер байна. Тэр үед ганц Монголын радиогоор л аюул гамшгийн сэрэмжлүүлэг дохио өгч байсан байх юм. Энэ мэтээр дурдвал урт юм болно доо.
-“Хөх тэнгэрийн радио” ном, баримтат киноны тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд талархлаа.
Ярилцсан Д.Ичинхорлоо
Б.Баярсайхан: Радио бол монголын ард түмний итгэл үнэмшил | ||
Үзсэн: 3595 | Mongolian National Broadcaster |