
Монгол Улс төрт ёсны 2200-аад жилийн түүхтэй. Монголчуудын нүүдэлчдийн байгуулсан анхны төрт улс болох Хүннү гүрэн, Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын төрийн бүтэц, зохион байгуулалтад парламентат ёсны үр хөврөл ямар нэг хэмжээгээр байсан нь түүхэн сурвалж бичигт тэмдэглэгдэн үлджээ.
1990 оны 07 дугаар сард Монгол Улсад анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж, Ардын Их Хурлыг шинэчлэн байгуулсан билээ. Энэхүү Ардын Их Хурал нь БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, энэ дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий Улсын Бага Хурлыг байгуулсан. Улсын Бага Хурлын 1990 оны 09 дүгээр сарын 13-нд анхдугаар чуулганаа хуралдуулснаар манай улсад байнгын ажиллагаатай парламент хэмээх төрийн байгууллын шинэ тогтолцоо үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Монголын эдүгээгийн парламентын хөгжлийн түүх харьцангуй богино хэдий ч улс орондоо ардчилсан шинэ нийгмийн харилцааг төлөвшүүлэх хууль, эрх зүйн үндэс суурийг бүрдүүлэх талаар үе үеийн парламент бүр өөр өөрийн өнгө төрхтэй, хувь нэмрийг оруулсаар ирсэн.
Ардын Их Хурлаас байгуулагдсан, хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий төрийн эрх барих дээд байгууллага Улсын Бага Хурлын гишүүд 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн анхдугаар хуралдаанаа хийснээр Монгол Улсын орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын түүхийн хуудас эргэж эхэлжээ.
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхлүүлсний 35 жилийн ойд зориулан Архивын ерөнхий газар, Үндэсний төв архив нь Улсын их хурлын Тамгын газрын архивтай хамтран “Байнгын ажиллагаатай парламент-35 жил” сэдэвт архивын баримтын цахим үзэсгэлэнг толилуулж байна гэж Архивын Ерөнхий газраас мэдээллээ.
Тус цахим үзэсгэлэнг ЭНЭ холбоост хандаж үзэж болох ажээ.
“Байнгын ажиллагаатай парламент-35 жил” архивын баримтын цахим үзэсгэлэн нээгдлээ | ||
Үзсэн: 116 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.