Шууд Chart

“Оюутолгой” компани маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн авлаа

2014-09-16 13:41:19

Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын үед  татвар дутуу төлсөн болон бусад санхүүгийн зөрчил гаргасан хэмээн “Оюутолгой” компанид  татварын байгууллагаас 130 сая ам.долларын акт тавьсан. Тэгвэл үүнийг “Оюутолгой” компани болон түүний 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл” компани хүлээж аваагүй юм. Тиймдээ ч, “Туркойз хилл” компани өнгөрсөн зургаадугаар сарын 23-нд мэдэгдэл гаргаж, “Оюутолгой компани Монгол Улсын хууль болон Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу бүх татвараа төлсөн. Хувь нийлүүлэгчдийн дунд үүссэн энэ асуудлыг Монгол Улсын татварын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу холбогдох маргаан таслах журмаар шийдвэрлэх бөгөөд эцсийн шатанд олон улсын арбитрын шүүхэд хандан хянан шийдвэрлүүлэх болно” гэсэн юм.

Энэ даруйдаа татвартай холбоотой асуудлаа маргаан таслах журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан байдаг. 130 сая ам.долларын татвартай холбоотой энэ асуудлыг маргаан таслах зөвлөл 60 хоногтоо багтаан хэлэлцэж, энэ сарын 10-нд шийдвэрээ гаргалаа. Тэдний зүгээс шийдвэрээ олон нийтэд танилцуулаагүй ч, тэр орой уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган өөрийн твиттер болон фейсбүүк хуудсаараа дамжуулан “Оюутолгойн татварын асуудал шийдсэнээр, далд уурхайн ажил товлосон хугацаандаа эхлэх боломжтой боллоо. Ирэх онд нэг тэрбум доллар +3000 ажлын байр” гэж мэдээллэсэн юм. Хэдийгээр тэрбээр ийм мэдээлэл хийсэн ч, маргаан таслах зөвлөлөөс яг ямар шийдвэр гарсан талаар мэдээллээгүй. Оюутолгой компани маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг авсны дараа албан ёсны мэдээллээ хийх байх гэсэн утгыг илэрхийлсэн юм.

“Оюутолгой” компани маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг албан ёсоор аваагүй, үүнд албан ёсны мэдэгдэл хийгээгүй байхад, татварын маргаан шийдэгдлээ гэж албан ёсоор хэлэхэд бэрх. Өөрөөр хэлбэл, хувь нийлүүлэгчид аман хэлэлцээрт хүрсэн байж болох ч, албажаагүй байхад татварын асуудал шийдэгдлээ гэж хэлэх боломжгүй байгаа юм. Ер нь хөрөнгө оруулагч, зах зээлд оролцогчдын хувьд “Оюутолгой” болон түүний 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл” компаниас гаргах мэдэгдлийг хүлээж байгаа. Тэгвэл хүлээлт үүсгээд байсан татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг “Оюутолгой” компани өчигдөр 15:00 цагийн орчимд бичгээр авсан байх юм. Энэ тухай Монголын цагаар өчигдөр үдшийн 21:30 цаг, Америкийн цагаар өчигдөр өглөөний 09:30 цагийн үед “Туркойз хилл” компани өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллэсэн юм.


Гэхдээ тус компани маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг орчуулж,  судална гэхээс өөр тайлбар хийсэнгүй. Өөрөөр хэлбэл, зах зээлд оролцогчид болон хөрөнгө оруулагчдын хүлээж байсан хариултыг өгсөнгүй. Энэ нь хөрөнгө оруулагчдыг дахин хүлээлтийн байдалд орууллаа гэж хэлж болохоор байна. Тодруулбал, Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган мэдээлэл хийснээс хойш хэд хоног дарааллан өсч 4.11 ам. долларт хүрсэн  “Туркойз хилл” компанийн хувьцааны ханш, өчигдрийн мэдээлэл гарсны дараа ялимгүй буурч 3.99 ам.долларын ханшаар хаагдлаа... Энэ ханш өөдлөж хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх үү, эсвэл уруудаж хөрөнгө оруулагчдын итгэл дахин буурах уу. Цаашлаад манай улсын Засгийн газар арбитрийн шүүхэд дуудагдах уу, үгүй юу. Түүнчлэн далд уурхайн санхүүжилт ойрын үед шийдэгдэх үү, үгүй юу гэдэг олон асуултыг хариулт маргаан таслах зөвлөлийн шийдвэрт  “Туркойз хилл” компани ямар хариулт өгөхөөс ихээхэн хамаарах юм.

Ер нь маргаан таслах зөвлөл татвар болон бусад санхүүгийн зөрчилтэй холбоотой нийт 10 асуудлыг хэлэлцсэнээс найм нь үндэслэлтэй, хоёр нь үндэслэлгүй гэж үзсэн гэх мэдээлэл бий. Тухайлбал, 130 сая ам.долларын талаас илүү хувийг нь хүчингүй болгосон. Харин 30 гаруй сая ам.долларыг “Оюутолгой” компаниас авах шийдвэр гарсан гэж албан бус эх сурвалжууд мэдээллэж байгаа.  Үүнийг хүлээн зөвшөөрөх эсэхэд Оюутолгой болон Туркойз хилл компани албан ёсоор ямар хариулт өгөхийг хүлээх үлдэж байна. Ер нь хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд, дахин гомдол гаргах эрх нээлттэй. Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журамд “Маргааны оролцогч талууд аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд уг шийдвэрийн талаар гомдол гаргаж болно” гэж заасан байдаг юм.

Тус журмын бүрэн эхийг ЭНД-ээс уншина уу...

Нийтэлсэн: А.Энхтуул

“Оюутолгой” компани маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн авлаа  
Үзсэн: 5241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.192.xxx [103.26.192.xxx] 2014-09-16 15:45
naad heden peediisen luivarchda huuj gargad daraachiihad ni uguh hergetei
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-09-16 14:18
zugeer neg kompanid uls ornooroo deerlehuulchih yum bna l duu....

Бидэнтэй нэгдээрэй