Шууд Chart

Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцуулав

2025-04-29 15:56:08

Улсын Их Хурлын гишүүн, эрчим хүчний тухай хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг өнөөдөр тус ажлын хэсгийн гүйцэтгэх багийн зөвлөхүүдийн хамт “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн удирдах ажилтнууд, инженерүүдтэй уулзалт хийж, Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцуулав.

Өнөөдөр манай улс цахилгааны болон дулааны эрчим хүчний салбарыг нийтэд нь нэг ерөнхий хуулиар буюу Эрчим хүчний тухай хуулиар зохицуулдаг. Олон улсын нийтлэг жишгийг судлан үзэхэд эдгээр том салбаруудыг тус бүрд нь бие даасан хуулиар зохицуулж байгаа юм. Иймд дээрх ажлын хэсэг цахилгааны болон дулааны эрчим хүчний тухай хуулиудыг тус тусад гаргах шаардлагатай гэж үзэн, Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг боловсруулаад байна.

Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, инженер Х.Эрдэнэчулуун танилцуулж, бүлэг бүрээр нь задлан ярьсан юм. Хуулийн төсөл салбарын бодлого, төлөвлөлт, төр, захиргааны болон дулаан хангамжийн байгууллагуудын бүрэн эрх, чиг үүрэг, мөн системийн зохион байгуулалт, сүлжээний үйл ажиллагаа, мэдээллийн нэгдсэн систем, тоолуур, үнэ тариф, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, эх үүсвэр, үр ашиг, хэрэглэгчийн эрх, үүрэг, техник технологи, стандарт, аюулгүй байдлын болон мэргэжил, үйлдвэрлэлийн хяналт зэрэг 15 бүлэгтэйгээр боловсруулагджээ. Төсөлд үндэслэлтэй, үр ашигтай бодлого, төлөвлөлтөд тулгуурлан дулааны салбарыг хөгжүүлэх, бие даасан байдлыг хангах, өндөр үр ашигтай, хосолсон болон дан үйлдвэрлэл бүхий төвлөрсөн, хэсэгчилсэн, бие даасан дулаан хангамжийн системүүдийг бүсчлэн хөгжүүлэх зорилтыг тодорхойлж, хөрөнгө оруулалтын оновчтой бодлого, арга хэрэгслээр салбарын хөгжлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийн механизмыг ашиглан хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологи, сэргээгдэх эх үүсвэрийг дэмжих, санхүүжилтийн тогтолцоо, оролцогчдын үүрэг хариуцлагыг нарийвчлан тусгасан байна.

Улсын Их Хурлын даргын 2024 оны 80 дугаар захирамжаар байгуулагдсан Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн оны есдүгээр сараас гурван бүлэг ажлыг хийжээ. Юуны өмнө эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль, эрхзүйн орчин, тулгамдсан асуудлыг судалж, дүгнэлт гаргасан талаар Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг дурдаад, мөн манай улстай ойролцоо нөхцөл бүхий болон жишиг болохуйц эрх зүйн зохицуулалт бүхий улс орнууд буюу Казахстан, Унгар, Дани, Герман, Австрали, Шинэ Зеланд, Япон гээд энэ улсуудын хууль тогтоомжийг судалснаа танилцуулсан юм. Гурав дахь бүлэг ажлаа эхлүүлээд байгаа нь хуулийн төсөл боловсруулах бөгөөд эхний хуулийнхаа төслийг салбарын оролцогчид, мэргэжилтнүүдээр ийнхүү хэлэлцүүлж байгаа юм.

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн албадын дарга нар, инженерүүд санал бодлоо илэрхийлсэн юм. Тухайлбал, Шуурхай удирдлагын албаны дарга М.Ууганбаяр Эрчим хүчний тухай хуулийн зэрэгцээ дулаан хангамжийн салбарт мөрдөгдөж байгаа журам, дүрмүүдийг сайтар нягталж, холбогдох зохицуулалтыг хуулийн  төсөлд бүрэн тусгах, хэрэглэгчийн төлбөр тооцоонд картын систем нэвтрүүлэх асуудлыг хуульчлах, шугам сүлжээнд оруулсан хувийн хөрөнгө оруулалтыг нөхөн төлөх болон техникийн нөхцлийг түгээх сүлжээнээс олгох зэрэг зохицуулалтыг эргэж харах, нийтийн сүлжээ болон хамгаалалтын зурвасыг тодорхой зааж, өмчлөлийг тогтоох, хэрэглээний бүтэц, зориулалтыг хэмжүүртэй болгох талаар саналаа хэлж, холбогдох хууль тогтоомжтой нягт уялдуулахад анхаарахыг зөвлөсөн юм. Мөн Дотоод хяналт, аюулгүй ажиллагааны албаны дарга М.Доржпалам нийтийн сүлжээнд холбогдох хүчин чадлын дээд хязгаарыг зааж өгөх, түгээх болон дамжуулах системийн заагийн цэгүүдийг хуулиар тогтоох зэрэг асуудлаар саналаа хэлсэн бол ахлах инженер Б.Эрдэнэчимэг холболтын техникийн нөхцөл олгох, хөрөнгө оруулалтыг буцааж төлөхтэй холбоотой асуудлыг лавлан асууж, хэрэглэгчийн өмчлөлийн шугам тоноглол болон тарифын зохицуулалтыг илүү нарийвчлах, нэр томьёо, хэмжих нэгжийг хуулийн төсөлд жигдлэх талаар саналаа хэлж, суурь болон оргил ачааллын тарифыг ялгаатай тогтоохыг дэмжиж байгаа илэрхийлэв. Горим тохируулгын албаны инженер Х.Энхжаргал сүлжээний алдагдлыг хэрхэн бууруулах, зохицуулах болон яаж тооцох тухай, Дулааны тоолуурын лабораторийн эрхлэгч Д.Бямбатөр тоолуурыг тохируулах хэрэгсэлтэй байхаар зааж, хариуцах эзнийг бодитой тогтоох болон хэт авианы тоолуурын хяналт, баталгаажуулалт, үнэ, тохируулгын тухай, Цахилгааны албаны дарга н.Лхагважаргал хамгаалалтын зурвасыг гэрчилгээжүүлэх, орон нутаг хариуцсан инженер н.Ганбат орон нутаг дахь дулааны сүлжээний тохируулгыг оролдсон, өөрчилсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх тухай санал хэлэв. Мөн өндөр үнэтэй тоолуурыг ялангуяа орон нутгийн хэрэглэгчид худалдан авч чадах эсэхийг сайтар судлах шаардлагатай гэлээ.

Хууль батлагдсанаар дутагдаж буй дулааны эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, дэвшилтэт, шинэ техник технологийг нэвтрүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хангах, эрчим хүчнийг хэмнэх шинэ соёлыг төлөвшүүлэх, үнэ тарифыг өртөгтэй дүйцүүлэх зэрэг олон харилцааг зохицуулах ач холбогдолтой болохоор байгааг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа тэмдэглэсэн юм. Мөн эрчим хүчний хангамжийн зарим үе шатанд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах боломжийг нээж, хэрэглэгчдийн дулааны хэрэглээг тоолуураар хэмжих, үнэ тарифыг бодитой тогтоох боломж бүрдэхээр байна гэсэн юм. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүнээр эрчим хүчний салбарын төлөөлөл болсон цөөнгүй хүн сонгогдсоныг болон төр, засгаас эрчим хүчний реформыг хэрэгжүүлж байгааг дэмжиж, үр дүн гаргахад хувь нэмрээ оруулж ажиллахыг хамт олондоо уриаллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцуулав   
Үзсэн: 451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй