Шууд Chart

Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө

2026-08-14 08:14:48

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа нэр дэвшихээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Түүний хэвлэлийн алба энэ талаар өмнө нь мэдээлж байсан ч Жапаров өөрөө дахин нэр дэвших тухайгаа олон нийтэд анх удаа илэрхийлж байгаа юм.

Жапаров Киргизийн “Кабар” агентлагт өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгчөөр дахин сонгогдож, эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа хэлжээ. Үүний зэрэгцээ сонгуульд өрсөлдөх хүсэлтэй бусад нэр дэвшигчид ч чөлөөтэй оролцох боломжтойг онцолсон байна.

Садыр Жапаров 2020 оны аравдугаар сард парламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал, улс төрийн хямралын үеэр Киргизийн улс төрийн тэргүүн эгнээнд гарч ирсэн юм. Тэрбээр тухайн үед шоронд ял эдэлж байсан ч эсэргүүцлийн үеэр суллагдаж, удалгүй Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон. Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков огцорсны дараа Жапаров Ерөнхийлөгчийн үүргийг түр хугацаанд гүйцэтгэж, улмаар 2021 оны нэгдүгээр сарын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулжээ.

Түүнийг Ерөнхийлөгч болсны дараа Киргизийн төрийн тогтолцоонд томоохон өөрчлөлт орсон. 2021 онд бүх нийтийн санал асуулгаар шинэ Үндсэн хууль баталж, парламентын тогтолцооноос Ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлсан тогтолцоонд шилжсэн. Ингэснээр төрийн тэргүүний эрх мэдэл өмнөхөөс мэдэгдэхүйц өргөжсөн гэж Ройтерс тэмдэглэжээ.

Жапаровын одоогийн бүрэн эрхийн хугацаанд Киргизийн эдийн засаг харьцангуй өндөр өсөлт үзүүлсэн бөгөөд засгийн газар дэд бүтэц, уул уурхай болон эрчим хүчний томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм. Нөгөө талаар түүний засаглалын үед хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналт нэмэгдсэн гэх шүүмжлэл ч гарч ирсэн байна.

Киргиз улс Төв Азийн орнуудаас улс төрийн өрсөлдөөн, засгийн эрхийн өөрчлөлт харьцангуй идэвхтэй явагдаж ирсэн улс. Тус улсад 2005, 2010, 2020 онд олон нийтийн томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, Ерөнхийлөгч нар албан тушаалаасаа огцорч байв. Иймээс 2027 оны сонгууль Садыр Жапаровын засаглалын дараагийн үе төдийгүй Киргизийн улс төрийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох чухал үйл явдал болохоор байна.

Киргизийн дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг 2027 оны нэгдүгээр сарын 24-нд зохион байгуулахаар товложээ.


Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө  
Үзсэн: 89 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй