Шууд Chart

Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2025-04-30 15:16:15

Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсгээс өнөөдөр (2025.04.30) хэвлэлийн бага хурал хийж, Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тус ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг хуулийн төслийг хүний эрх, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэх, дулааны эрчим хүч хүртээмжтэй, тасралтгүй, найдвартай байх, үнэ тарифыг үндэслэлтэй, өртөгт суурилан тогтоох, дулаан хангамжийн тогтолцоонд үйл ажиллагааны давхардалгүй, төрийн оролцоо бага байх, олон эх үүсвэртэй, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжсэн байх зэрэг нийтлэг зарчмуудыг баримтлан боловсруулсан тухай танилцуулж, ажлын хэсгийн хийсэн судалгаа, өнөөгийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээний талаар товч мэдээллээ.

Хуулийн төслийн талаар ажлын хэсгийн гүйцэтгэх багийн хуулийн зөвлөх С.Амаржаргал танилцуулж, агуулга, бүтэц болон зохицуулах харилцаа, ач холбогдлыг тоймлон дурдсан юм. 15 бүлэг, 68 зүйл, заалт бүхий хуулийн төслийг дулааны эрчим хүчний бүтээгдэхүүний чанар, хүртээмж, тэдгээрийн зохицуулалт, хуваарилалтыг ил тод, тэгш шударга байлгах, мөн хэмждэг, тэр хэрээр хэмнэдэг байх, дамжуулах болон түгээх, хангах сүлжээ хоорондын холболтын харилцаа, техникийн нөхцлийг зохицуулах, системийн бүтэц, тэдгээрийн онцлог, хөгжлийн бодлого, төлөвлөлт зэрэг үзэл баримтлалын хүрээнд боловсруулсныг тэрбээр танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Эдүгээ хүчин төгөлдөр хэрэгжиж буй Эрчим хүчний тухай хуулийн зохицуулалт ихээхэн ерөнхий бөгөөд цахилгааны болон дулааны гэсэн хоёр том салбарыг нэгтгэн зохицуулж буй учир арга буюу 800 гаруй журам, дүрмийг батлан мөрдүүлж буй юм. Эдгээр журам, дүрмийн зохицуулалтыг аль болох хуульчлах бодлогыг мөн баримтласан талаар ажлын хэсгээс мэдээлсэн юм. Журам дүрмүүдийг хэрхэн цэгцэлж буй болон хэрэглэгчдэд үнэ тарифын дарамт нэмэгдэх эсэх, хуулийн төслийг ямар хугацаанд өргөн мэдүүлж, батлуулах талаар сэтгүүлчид асуулт асууж, хариулт авлаа.

Ажлын хэсэг Цахилгаан эрчим хүчний тухай хуулийн төслийг боловсруулах ажилдаа ороод байгааг Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг мэдээлж, уг төсөл тавдугаар сарын сүүл, зургадугаар сарын эхээр бэлэн болно гэсэн юм. Энэхүү хоёр дахь хуулийн төсөлтэй Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг хамтад нь хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ гэдгийг тэрбээр албан ёсоор мэдэгдэв.

Хэвлэлийн бага хуралд тус ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, С.Цэнгүүн нар байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө  
Үзсэн: 204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй