Шууд Chart

Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордоос иргэд баялгийн үр өгөөж хүртэнэ

2025-04-30 18:08:31

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан болон холбогдох албаныхан өчигдөр (2025.04.29) “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага болон Үүсмэл орд ашиглагч “Ачит ихт” ХХК , “Эрдмин” ХХК, “Зэс эрдэнийн хувь” ХК-ийн төлөөллүүдтэй уулзаж, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцав.

Уулзалтаар үүсмэл ордуудад олборлолт, санхүү, хууль зүйн судалгаа, тооцоолол хийж, дүгнэлт гаргасны үндсэн дээр төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох хувилбарууд гаргаж, орд ашиглагч хувийн хэвшлийн компаниудтай хэлэлцээр хийх тухай санал солилцов.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал  “Үндсэн хуулийн дагуу стратегийн ордоос үүссэн үүсмэл ордоос иргэд хувь эзэмшиж, үр өгөөжийг нь хүртэх ёстой. Баялгийн хуваарилалтаа шударга болгосноор, Монгол хүн эх орныхоо эрдэнэсийн өгөөжийг эрүүл мэнд, орон сууц, боловсролдоо бодитоор зориулж эхэлнэ. Тиймээс хувийн хэвшлийн компаниудтай хэлэлцээр хийх ажлыг эхлүүлнэ” гэсэн юм.

Засгийн газрын өнөөдрийн (2025.04.30) хуралдаанаар Үүсмэл ордууд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлав. Ингэснээр стратегийн ордыг түшиглэсэн үүсмэл орд байгаа тохиолдолд төрийн эзэмшлийн 34 хувийг тогтоох шаардлагыг албажуулж байна. Мөн уурхайг түшиглэсэн үүсмэл ордуудыг ашиглахдаа нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, тэнцсэн тохиолдолд гэрээ хийх нөхцөл бүрдэж байна.


Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордоос иргэд баялгийн үр өгөөж хүртэнэ  
Үзсэн: 350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй