
Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайхан өнөөдөр гадаад улсаас Монгол Улсад суугаа элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газар, донор, хандивлагч байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж Бүсчилсэн хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, харилцан санал солилцлоо.
“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 онд Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолоор батлан, мөрдүүлснээс хойш 24 жил өнгөрсөн. Энэ хугацаанд Улаанбаатарт Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувь буюу 1.7 сая хүн амьдарч, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 70 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь, их дээд сургуулийн 96 хувь нь төвлөрсөн төдийгүй ДНБ-ий 63 хувь нь үйлдвэрлэгдэж хот, хөдөөгийн хөгжил хэт ялгаатай болсон байгаа нь “Бүсчилсэн хөгжлийн бодлого” яагаад чухал вэ гэдгийн нотолгоо болж байгаа юм.
Бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжсэнээр:
-Бүс, орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлно;
-Байгалийн нөөц баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээнэ;
-Үйлдвэр, үйлчилгээг хоршилт, төрөлжилт, дагналт, кластерын бодлогоор дэмжинэ;
-Бүс, орон нутагт өндөр технологи, инновацыг нэвтрүүлнэ;
-Бүс дамнасан, салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ;
-Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг оновчтой хуваарилна;
-Татвар, санхүүгийн ялгаатай бодлогыг хэрэгжүүлнэ;
-Бүс нутгийн хөгжилд оролцогч талуудын хамтран ажиллах сонирхлыг дэмжинэ;
-Тээвэр логистикийн нэгдсэн сүлжээ, боомт, чөлөөт бүс, тусгай бүсийг хөгжүүлнэ;
-Дэд бүтцийн нэгдсэн, ухаалаг сүлжээг байгуулна;
-Бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн, зах зээлийг тэлнэ;
-Орчин үеийн шинэ суурьшлын бүс, хотуудыг байгуулна;
-Бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулна;
Орон нутагт ажиллаж, амьдрах, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн өрсөлдөх чадвартай бүсүүдийг хөгжүүлнэ.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо | ||
Үзсэн: 338 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.