Шууд Chart

Иргэд ихэвчлэн байшингийн дулаалга, цахилгаан халаагуурыг сонирхож байна

2025-05-06 15:11:40

"Дулаан байшин" амины орон сууцны нээлттэй өдөрлөг төв талбайд энэ сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Өдөрлөгөөр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлээс гаргаж буй бодлого, шийдвэр, байгальд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй техник технологиуд болон гэр, байшин сууцны дулааны алдагдлыг бууруулах бүх төрлийн шийдлүүдийг танилцуулж байна.  Өдөрлөгт төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн инженер, техникийн ажилтан, ногоон зээлийг дэмжигч банк санхүү, даатгалын газрын төлөөллүүд оролцож байна.

Өдөрлөгт ирж байгаа иргэдийн ихэнх  хувь нь  байшингийн  дулаалга, цахилгаан халаагуур, ухаалаг жорлон, хуурай жорлон болон гэр хороололд хэрэглэж болох бүх зүйлийг нэг бүрчлэн сонирхож, үнэт тарифтай танилцаж байв. Иргэдийн хувьд  байшингийн бүх төрлийн дулаалга болон цахилгаан халаагуурыг хөнгөлөлт урамшуулал, ногоон  зээлээр авах боломжтой аж.

Баянзүрх дүүргийн иргэн Б. Мандах “ Байшингийн дулаалга сонирхож байна. Энд цахилгаан халаагуур нь цөөхөн харагдаж байна. Харин байшингийн гадна дотно дулаалгын материал нэлээд байна. Бүгдийг үзэж сонирхож байгаад боломжийн үнэтэй дулаалгыг сонгож, байшингаа дулаалах санаатай. Монголд үйлдвэрлэсэн дулаалга сонгох санаатай явж байна. Зарим нь их үнэтэй, зарим боломжийн үнэтэй байна. Банк зээлээр авах боломжтой дулаалгууд байна. Сайн сонирхож байгаад сонголтоо хийнэ дээ”гэлээ.

 “Монгол Базальт” ХК-ний ажилтан Г. Номин “Манай компанийн гурван янзын дулаалга гаргаж байгаа.  Эдгээр дулаалга нь 10 см, 5см 7.5 см гэсэн гурван төрөлтэй.  Энэ дулаалга нь өт шавж үүрлэхгүй, шатахгүй , ус шийг нэвтрэхгүй, дуу тусгаарлагчтай.  Хувийн орон сууцад 10 см дулаалга хийвэл их зүгээр байдаг. Мөн байшингийн дээрийг 5 см дулаалга хийж болно. Чулуугаар хийсэн хөвөн учраас ус бороонд норохгүй, шатахгүй гэдгээр давуу талтай. Байшингийн дээрийг 5 см дулаалга хийж болно. Манайх дуу чимээ тусгаарлагчтай хашаа хийж эхэлж байгаа. Иргэд ихэвчлэн байшингийн дулаалга, цахилгаан халаагуур хамгийн их сонирхож байна. ” гэв.

 

“Phoenik S” халаагуурын танилцуулагч н.Туяа “ Манай халаагуур цахилгааны хэмнэлтэй. Нийтдээ 20 гаруй төрөл байгаа. Үнийн хувьд 350-750 мянган төгрөгийн үнэтэй. Халаагуураа гар утсаар тохируулж болно. Мөн цагийн тохируулж асааж унтраах боломжтой. Гэр, байшинд тавих боломжтой. Өдөр шөнийн тохиргоо хийж болно. Манай өөрсдөө очоод суурилаад өгдөг. Банкны лизингээр авах боломжтой.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Болормаа “Өнгөрсөн намар цахилгаан халаагуур сая 200 мянган төгрөгөөр авч тавиулсан. Гэвч цахилгааны мөнгө 600-700  мянган төгрөг гараад байхаар болиод галдаг болгосон. Утаанаас салах гэж байгаа бол янзын халаагуурыг маш сайн хөнгөлөх хэрэгтэй. Өнөөдөр нийслэлд  сар бүр цахилгааны мөнгөнд 600 мянган төгрөг төлөөд явдаг иргэд олон биш байгаа шүү дээ. Жоохон амьдрал ойр зүйлийг нэвтрүүлэх хэрэгтэй. Одоо үнэндээ цахилгаан халаагуур тавиулахгүй, өөр зүйл сонгож үздэг юм уу гэж бодоод сонирхоод явж байна. Монголд сайн юм хийж байгаа боловч өртөг маш өндөр байна. Үүнийг боломжийн үнээр зохицуулж өгөх хэрэгтэй байна”гэлээ.

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Иргэд ихэвчлэн байшингийн дулаалга, цахилгаан халаагуурыг сонирхож байна  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй