Шууд Chart

Төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулах үүрэг өглөө

2025-05-06 16:53:46

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.05.06) нефт импортлогч компаниудын төлөөлөл буюу  Монголын нефть, хийн үндэсний ассоциаци,  “Петровис”, ”Шунхлай”, “Монь суль”, “Сод монгол”, “Ник” зэрэг компанийн удирдах албаны хүмүүсийг  хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсад импортоор орж ирж буй нефтийг  Зам, тээврийн сайдын тушаалаар төмөр замаар  тээвэрлэх болсныг мэдэгдлээ. Ингэхдээ шатахуун импортлогч байгууллагуудын эрх ашгийг хөндөхгүй байх, тарифт хөнгөлөлт үзүүлэх үүднээс “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуунд төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулах үүрэг даалгаврыг өглөө.

Салбарын сайдын энэхүү шийдвэр нь говийн бүс рүү буюу Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудын чиглэлд хийгдэх авто замын их засвар шинэчлэл, урсгал засварын ажлуудтай уялдаж байгааг онцлон хэллээ. Төмөр замаар тээвэрлэлт хийх боломж бололцоо хангалттай бий гэдгийг тодотгов.

Мөн зам тээврийн яамнаас баримталж буй бодлого шийдвэрийн дагуу говийн бүсэд ачаа тээврийн терминал байгуулах төслийн хүрээнд Монголын нефт импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн өөрсдийн аюултай ачаа хадгалах агуулах сав барих, газрыг олгох асуудалд аймаг, сумдын удирдлагуудтай ярилцаж, дэмжиж ажиллана гэдгээ хэллээ.

Шатахуун тээвэрлэлтийг Улаанбаатар хотоос зөвхөн төмөр замаар тээвэрлэлт хийж, Дорноговь “Сайншанд өртөө”, Говьсүмбэр аймгийн “Чойр өртөө”-нөөс автомашинаар зөөх боломжийг бүрдүүлж хамтран ажиллахыг шатахуун импортлогч нар болон холбогдох албаны хүмүүст чиглэл өглөө.  Хэрэв авто замаар шатахуун тээвэрлэлт хийсэн тохиолдолд тухайн компанийн ОХУ-аас импортоор орж ирж буй тээвэрлэлтийг Сүхбаатар өртөөнөөс нааш нэвтүүлэхгүй гэдгийг хатуу анхаарууллаа.

Энэхүү шийдвэр нь  Улаанбаатар хотод болон өртөө дээр үүсээд буй  төмөр замын  түгжрэл, хүлээгдэл чирэгдлийг багасгах, автозамын салбарт зарцуулж буй улсын төсвийн мөнгө, иргэдийн татварын мөнгийг хэмнэх, цаашлаад иргэдийн эрүүл аюулгүй зорчих эрхийг хангах, хот сууринд амьдарч буй иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтойг онцлов.


Төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулах үүрэг өглөө  
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй