Шууд Chart

Азийн хөгжлийн банктай 2025-2028 онд хамтран ажиллах түншлэлийн стратегийн баримт бичгийг баталлаа

2025-05-29 18:22:05

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай 2025-2028 онуудад хамтран ажиллах түншлэлийн стратегийн баримт бичгийг тус банкны Захирлуудын зөвлөл баталжээ. Сангийн сайд Б.Жавхлан, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Шаннон Ковлин нар өнөөдөр энэ тухай /2025.05.29/ хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б. Жавхлан, Азийн хөгжлийн банктай хүртээмжтэй, төрөлжсөн өсөлтийг дэмжих, тогтвортой хөгжил, тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх, чадавх болон боломжийг нэмэгдүүлэх гэсэн 3 үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тохирсон талаар мэдэгдлээ. Тухайлбал, аймаг, дүүргүүдийн эмнэлгүүдийг сэргээн засварлах, зам тээвэр, дэд бүтцийг сайжруулах, аялал жуулчлалын болон мал аж ахуй, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг цөөн тооны өндөр ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Түүнчлэн, 2025-2028 оны түншлэлийн стратегид чухал ашигт малтмалын салбарыг тусгаж өгснөөрөө Монгол Улс бүс нутагтаа анхдагч болсон талаар онцлов. 

АХБ-ны суурин төлөөлөгч Шэннон Коулин энэхүү стратегийн хүрээнд эдийн засагт тулгарч буй гол сорилтуудыг шийдвэрлэх, ингэхдээ хөрөнгө оруулалт, бизнесийн боломжуудыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжиж, хөдөө аж ахуйн бизнес, санхүүгийн салбар болон сэргээгдэх эрчим хүчний хөгжилд түлхэц үзүүлнэ хэмээн онцолсон юм. 

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд АХБ-тай хамтран КОВИД-19 цар тахлын эдийн засаг, нийгмийн салбарт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулах чиглэлээр үе шаттай төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, энэ хүрээнд цар тахлын эсрэг үр дүнтэй, аюулгүй вакцин худалдаж авах, иргэдээ дархлаажуулах хүрээнд хамтран ажилласан юм. Түүнчлэн, энэ хугацаанд АХБ-ны санхүүжилтээр 13 цэцэрлэг, 7 сургуулийн барилгыг ашиглалтад оруулж, тоног төхөөрөмжөөр хангасан. Мөн 204.11 км авто замыг ашиглалтад оруулж, төвийн бүсийн эрчим хүчний системд эрчим хүч хуримтлуулах цэнэг хураагуурын системийг суурилуулах, 3 аймагт нарны цахилгаан станцыг барих, 9 аймагт цэвэрлэх байгууламжуудыг ашиглалтад оруулсан бөгөөд өнөөдрийн байдлаар худалдааны эргэлт, өрсөлдөх чадварыг сайжруулах хүрээнд Боршоо, Алтанбулаг, Бичигт хилийн боомтын дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн бодит үр дүнтэй байлаа. Хувийн хэвшлийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд санхүү, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбаруудад нийт 189 сая ам.долларын эх үүсвэр бүхий 10 төслийг хэрэгжүүлж, нийт 41.0 сая ам.доллартой дүйцэх төгрөгийн бондыг олон улсын зах зээл дээр гаргасан юм.


Азийн хөгжлийн банктай 2025-2028 онд хамтран ажиллах түншлэлийн стратегийн баримт бичгийг баталлаа  
Үзсэн: 267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй