Шууд Chart

С.Одонтуяа: Татварын нэг хувийн хөнгөлөлтөө агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулахыг уриалж байна

2025-05-30 09:59:58

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааг бууруулах ажлыг үргэлжлүүлж байна. Угаарын хийг бууруулж, түлшний зарцуулалтыг багасгадаг төхөөрөмжийг нийтийн тээврийн автобус, дунд оврын машинд суурилуулан туршилт хийж, утааны ялгарал 46-90 хувиар буурсан үр дүн гарчээ. Одоо Улсын II, III эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн түргэн тусламж болон албаны машинууд, нийтийн тээврийн автобус нийлсэн 150 гаруй тээврийн хэрэгсэлд “Мега Мост”, “Эко майнинг” зэрэг компанийн утааны ялгарлыг бууруулдаг төхөөрөмжийг суурилуулахаар ажиллаж буй аж.
 
Энэ талаар БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяагаас тодрууллаа.
 
-Тээврийн хэрэгслээс ялгарч буй утаа агаарын бохирдлын 28.9 хувийг эзэлдэг. Машины утааг бууруулах ямар ажил хийж байна вэ?
 
-Манай Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо өнгөрсөн таван сарын хугацаанд нэлээдгүй ажлыг амжууллаа. Энэ хугацаанд нийтийн тээвэр болон бусад автомашинд утааг бууруулах төхөөрөмжүүдийг туршсан.
 
Тухайлбал, Зорчигч тээвэр-V ОНӨААТҮГ-ын нийтийн тээврийн автобусанд “Эко майнинг” ХХК-ийн төхөөрөмжийг суурилуулж, туршилт хийсэн. Туршилтын дараа Зорчигч тээвэр-V-аас тендер зарлаж, шалгарсан Эко майнинг ХХК-ийн төхөөрөмжийг 152 автобусанд суурилуулсан. Төхөөрөмж суурилуулснаас хойш түлшний хэрэглээ 25-30 хувиар буурч, сард 200 сая төгрөгийн хэмнэлт хийсэн байна. Энэ төхөөрөмжүүд олон улсад хэрэглэдэг, нэр хүндтэй, баталгааны гэрчилгээтэй учраас шууд туршилт хийж, хэмжилтээр үр дүнг нь тодорхойлсон. Бид тээврийн хэрэгслээс ялгарч байгаа утааг бууруулахаар бүх талаар ажиллаж байна. Сайн үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.
 
-Утааны хэмжилтийг яаж хийж байгаа вэ?
 
-Экологийн цагдаагийн алба машины утаа хэмждэг багажтай болсон. Өвлийн улиралд айл өрхөөс гарч байгаа утаатай холилддог учраас хэмжилт хийхэд хүндрэлтэй байдаг. Харин одоо, дулааны улиралд хэмжилтийг илүү нарийн цаг минутаар нь хийж байна.
 
-Санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
 
-Улсын төсөвт агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд нэг ч төгрөг суугаагүй. Тиймээс бид аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувийн хөнгөлөлтийн санхүүжилтээр шийдэхээр идэвхтэй ажиллаж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд улсад төлөх татварынхаа нэг хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх зохицуулалттай. Энэ хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагууд орлогын албан татварын нэг хувийн хөнгөлөлтөө Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороонд хандивлаж, агаарын бохирдлыг бууруулах ажилд хамтран ажиллахыг уриалж байна.

С.Одонтуяа: Татварын нэг хувийн хөнгөлөлтөө агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулахыг уриалж байна  
Үзсэн: 211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй