
УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэж эхэллээ. УИХ-ын гишүүд Монгол лсын 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: Үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдийн хөрөнгийг иргэний журмаар нэхэмжилж хураах хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Хуулийг батлуулах тал дээр яаж ажиллах вэ?
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар: УИХ-ын даргаар ажиллаж байхдаа авлига авсан албан тушаалтныг бүх насаар нь хорих ялтай болгосон. Үндэслэлгүй хөрөнгөжих тал дээр Авлигчдын хөрөнгө хураах хуулийг ЗГ нэгэнт УИХ-д өргөн барьсан тул одоо УИХ-ын шийдэх асуудал болсон.
Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ баталсан. Үүнийг хэрэгжүүлэх нь эр зориг төдийгүй бидний хүсэл эрмэлзэл учраас үүнийг бодитой болгох нь Ерөнхий сайдад нэр дэвшиж буй үндсэн зорилгын маань нэг хэсэг юм. Миний мөрөөдөл юм.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: Эрүүл мэндийн салбарын төсөв хангалтгүй, эмч, эмнэлгийн ажилчдын цалин хангалтгүй байна. Үүнтэй холбоотойгоор энэ салбар боловсон хүчний дутагдалд орсон. Тиймээс эрүүл мэндийн салбарынхны цалин хоёр дахин нэмэх үү гэдгийг Ерөнхий сайдаар томилогдох гэж байгаа Г.Занданшатараас асууя.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар: Эрүүл мэндийн ажилтны цалинг энэ жил 2 дахин нэмж чадахгүй. Худлаа хэлж чадахгүй. Төсвийн тодотголыг ирэх долоо хоногт өргөн барихаар төлөвлөж байна. Төсвийн зардлыг 2.3 их наядаар бууруулахгүй бол төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасарч байна. Зайлшгүй тодотгол хийхээс өөр аргагүй болсон. Төсвийн тодотгол бол төсвийн хэмнэлтийн тодотгол болно. Зээлийн хүүг бууруулах стратегийг бид хэрэгжүүлээд жилийн 6-8 хувь руу дөхүүлж байсан. Харамсалтай нь гадаад нөхцөл байдлаас шалтгаалан зээлийн хүүг бууруулах бололцоог олгохгүй байна. Өнөөдөр Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлж байгаа юм билээ. Тиймээс Монголбанктай хамтарч зээлийг хүү бууруулах асуудлыг төсвийн бодлоготой уялдуулж хэрэгжүүлнэ.
-УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Монгол Улсад 112 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа. Нийтийн өрхийн 13 хувь нь гэсэн үг. Хөгжлийн бэрхшээтэй иргэдийг дэмжиж ямар ажил хийх бодолтой байгаа вэ?
-Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн оролцоог дэмжих, нийгмийн асуудлыг шийдвэрлэх түүнд тохирсон дэд бүтцийг бий болгох талаар анхаарч ажиллана. Мөн боловсрол эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Орон сууцжуулах банк байгуулах бодлого хэрэгжүүлэхийг боддог. Хөгжлийг бэрхшээлтэй хүүхдүүдийн 50 хувь сургууль цэцэрлэгт хамрагдаж байгаа юм байна лээ.
УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэж эхэллээ | ||
Үзсэн: 291 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.