Шууд Chart

Я.Батсуурь: Тавантолгойн ордод 20-30 тэрбум шоо метр метан хийн таамаг нөөц бий

2014-09-23 14:39:53

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга долдугаар сарын нэгэнд батлагдснаар шатдаг занар, байгалийн битум, нүүрсний давхаргын метан хийг эрж, хайх хууль эрхзүйн бүрдсэн. Тиймээс ч саяхан Газрын тосны газар нүүрсний давхаргын метан хийн эрлийн гэрээг “Эрдэнэс Тавантолгой”, “Монголын алт” компаниудтай, шатдаг занарыг эрлийн гэрээг “Жени ойл” компанитай байгуулсан юм. Метан хийн эрлийн талаар “Эрдэнэс-тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсууриас дараах тодруулгыг авснаа хүргэж байна.

- “Эрдэнэс-тавантолгой” компани өөрийн орд дээрх метан хийг судлахаар эрлийн гэрээ саяхан байгууллаа. Гэхдээ үүнээс өмнө метан хийгээ судалж эхэлсэн гэгддэг?
- Монгол улсын метан хийн нөөцийг одоогоор тогтоогоогүй байгаа. Манай компанийн хувьд метан хийн анхны төслийг эхлүүлээд явж байна. Солонгосын “Korean Gas Corporation”,  дотоодын өрөдмдлөгийн “Элгэн” компаниудтай хамтран өнгөрсөн оноос тавантолгойн нүүрсний давхаргын метан хийг судлах ажил эхэлсэн. Хэд хэдэн цооног өрөмдөж, өмнө нь урьдчилсан байдлаар тогтоогдсон таамаг нөөцийг баталгаажуулаад явж байна. Ордынхоо нүүрсний давхарга дахь метан хийг судлахаар Газрын тосны газартай саяхан эрлийн гэрээ байгууллаа. Энэ бол уламжлалт бус газрын тосон дээр хамгийн эхэнд хийгддэг гэрээ. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар дараа нь бид хайгуулын болон ашиглалтын гэрээ байгуулах ёстой.  
 
- МҮОНРТ-ээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэл хийхдээ, тавантолгойн нүүрсний ордод 20-30 тэрбум шоо метр метан хий байгаа нь судалгаагаар батлагдлаа гэж илэрхийлсэн?
- ОХУ-ын гидрошахтын 1950-1960 оны үед хйисэн судалгаагаар  манай орд дээр 20-30 тэрбум шоо метр метан хийн нөөц байх бололцоотой гэсэн урьдчилсан судалгаа гарсан байдаг юм. АНУ-ын “Норвест” компани таван жилийн өмнө манай ордыг судлахдаа мөн ийм тоо хэлсэн. Үүнийг өрөдмдлөгийн үр дүнгээр зах зухаас нь нотлоод явж байна. Саяын өрөмдлөгийнүр дүнд ямарч байсан манай тавантолгойн орд багахан хэмжээний нүүрсний давхаргын метан хий байна гэдгийг урьдчилсан байдлаар тогтоосон.  Нэмж хайгуулын ажил хийх шаардлагатай байгаа. Нөөцийн хувьд одоогоор батлагдсан тоо хэлэх боломжгүй.
 
- Манай хоёр хөрш жилд 38 тэрбум шоо метр хий худалдах болон худалдан авах гэрээ байгуулаад байна. Энэ нь ойролцоогоор 13 тэрбум ам.долллараар үнэлэгдэж байна. Тавантолгойн ордын метан хийн таамаг нөөцийг баталгаажуулж, ашиглаж эхэлбэл ямар үнэ цэнэд хүрэх бол?
 
-Хэлж чадах зүйл юу вэ гэхээр, тавантолгойн метан хийн нөөц Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгсэл, гэр хороолол, байрны хорооллын оршин суугчдын ахуйн хэрэгцээг хангахад 20-30 жил хангахад хүрэлцэнэ гэж үзэж байгаа. Ер нь бид таамаг нөөцийг баталгаажуулаад явж байна. Дээр нь туршилтын жижиг оврын үйлдвэрээ БНСУ-д захиалгаар хийлгэж байна. Энэ үйлдвэр ирэх арваннэгдүгээр сард бэлэн болвол, хоёр сарын хугацаанд угсарчих байх. Ирэх зургаадугаар сараас ашиглах талаар тодорхой төсөл гарна. Дараа нь туршилтын үйлдвэрийн үр дүн дээр үндэслээд бид урт хугацаанд их хэмжээгээр олборлож, боловсруулах, үйлдвэрээ байгуулна.
 
-Үйлдвэр байгуулахаас гадна, бүтээгдэхүүнээ хийн хоолойгоор хэрэглэгчдэд хүргэх шаардлага тулгарна. Эдгээрт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах байх?
- “Korean Gas Corporation” солонгосын төрийн өмчийн хамгийн том хийн компани. Хоёр орны төрийн өмчийн компаниуд урт хугацаанд хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Ер нь метан хийг ашиглахын тулд, мэдээж үйлдвэр барих шаардлагатай. Манай ордын хийн онцлог бол, нүүрсний давхаргын доор устай холилдсон байдалтай байгаа. Үүнийг соруулж аваад, уснаас нь ялгаж боловсруулах юм. Энэ гаргасан хийгээ Улаанбаатар руу хийн хоолойгоор татах шаардлагатай. Хийгээ боловсруулах үйлдвэр барих, мөн хэрэглэгчдэд хүргэхэд зориулж хийн хоолой барихад ойролцоогоор 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн урьдчилсан тооцоо бий.
 
- Хүрэн нүүрснээс шингэнтүлшболон хий үйлдвэрлэх төслийг манайхан давхар судлаж байгаа. Энэ төсөлтэй харьцуулахад танай үйлдвэрлэлийн зардал ямар байх вэ?

- Би энд нэг зүйлийг зориуд тэмдэглэж хэлье. Монголчууд хүрэн нүүрснээс хий үйлдвэрлэж, Улаанбаатар хотын  хэрэгцээг хангана гэж ярих болсон. Их хэмжээний нүүрсний ордтой компанийн хувьд энэ нь боломжтой төсөл. Ер нь манай нүүрсний давхаргын метан хий, хүрэн нүүрсийг боловсруулж хий гаргах хоёр өртгийн хувьд тэс өөр. Их хэмжээний халуун ус хэрэглэж хүрэн нүүрснээс хий ялган явдаг юм билээ. Тэгвэл бид устай холилдсон хий соруулж авна. Дараа нь уснаас хийг нь ялгаж боловсруулаад, ашиглах боломжтой юм. Манай хийн хөрөнгө оруулалт болон ашиглалтын зардал хүрэн нүүрснээс хий гаргаж авахаас хамаагүй хямд. Тиймээс бид үйлдвэр болон хоолой баривал, гаргасан зардлаа богино хугацаанднөхөх бололцоотой.
 
- Тавантолгой орд урд хөрштэй илүү ойр. Нийслэл рүү хий тээвэрлэж байснаас, хятад руу тээвэрлэвэл зардал бага тусах юм биш үү?
 
- Үүнийг бол тухайн үед ярьж болно. Ер нь бол, манай улсад дотоодын хэрэгцээнээс хэд дахин давсан хийн нөөц байгаа. Бид дотоодынхоо хэрэгцээг хаанаас хангах вэ. Манай Тавантолгойн метан хийгээр хангах уу. Эсвэл “Шивээ - овоо”, “Цайдам-нуур”, “Төгрөг-нуур”-ын ордын нүүрснээс хий гарган авч, нийслэлийн хэрэгцээг хангах уу гэдгийг судлах шаардлагатай. Ямар ч байсан манай компанийн хувьд эхний ээлжинд дотоодын хэрэгцээгээ хангаад, тодорхой хэмжээнд гадаад руу экспортлох шаардлагатай. Аль алийг нь хослуулах шаардлагатай гэж үзэж байгаа.
 
 
 
 
 
Нийтэлсэн: А.Энхтуул

Я.Батсуурь: Тавантолгойн ордод 20-30 тэрбум шоо метр метан хийн таамаг нөөц бий   
Үзсэн: 2755 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй