Шууд Chart

Н.Чинбаатар: Хакердах оролдлого гарсан учраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа

2014-09-23 18:32:13

“Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль”-ийг өнгөрсөн долоодугаар сарын нэгэнд хүчингүй болгосон. Ингэснээр дөрвөн жилийн хугацаанд олгогдоогүй хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох эрхзүйн орчин бүрдсэн юм.Тиймээс ч нийт газар нутгийн 6.5 орчим хувьд сонгон шалгаруулалтаар, 13 гаруй хувьд өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор тогтсон. Журам нь гараагүй учраас сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил эхлэх болоогүй байна. Харин өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг маргаашнаас эхлүүлэх байсан ч, тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Энэ асуудлаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатартай цөөн хором ярилцсан юм.

- Өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил маргааш эхлэх байсан ч, тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Яагаад гэнэт ийм юм болов?
-Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр өгөх ажлыг есдүгээр сарын 24-нөөс эхлүүлнэ гэж бид өмнө нь зарлаж байсан. Үүний өмнө ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгох системийн туршилтыг энэ сарын 18-наас эхлүүлсэн. Туршилтын хугацаанд энэ системд өдөрт 3000 гаруй аж ахуйн нэгж хандаж, санал зөвлөмж өгсөн. Үүний дагуу бид энэ сисмедээ тодорхой хэмжээний өөрчлөлт хийх ёстой юм байна гэж үзсэн. Нөгөө талаас халдалгын буюу хакердуулах эрсдлийг бууруулах зөвлөмжийг мэдээллийн аюулгүй байдлын зөвлөлөөс бидэнд өгсөн. Эдгээрийг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.
-Аж ахуйн нэгжүүд кадастрын системд хандаж, өргөдлийн дугаарцахимаар авах үйл ажиллагаатай танилцах туршилт долоо хоног явагдлаа. Туршилтын үед аж ахуйн нэгжүүдээс ямар санал гарсан юм бол?
- Нийт нутаг дэвсгэрийн 13.39 хувьд буюу 20 сая га талбайд өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл өгөхөөр зарласан. Энэ талбайг уртраг өргөрөөг нь манай цахим хуудсанд оруулсан байгаа. Туршилтын хугацаанд дээрх талбайгаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бололцоотой эсэх хариуг аж ахуйн нэгжүүдэд тодорхой хугацааны дараа өгөхөөс гадна, имайлээр хариу өгч байсан. Харин аж ахуйн нэгжүүдийн зүгээс заавал имайл хаягаар хариу өгөх ёстой юм уу. Хариу чинь 2-3 цагийн дараа ирж байна. Энэ хугацаагаа бага болго гэсэн санал гаргасан. Бид цаашид үүнийг шийдвэрлэнэ. Үүнээс гадна, систем рүү халдах халдлага буюу хакерийн эрсдэлийг бууруулах шаардлагатай байна.
-Таны ярианаас анзаараад байхад кадастрын систем хакердуулчихсан юм шиг өнгө аяс харагдаад байна?
- Туршилтыг хугацаа өчигдөр дууссан. Үүгээр ямар нэгэн өргөдөл бүртгээгүй. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой үйл ажиллагаа огт явагдаагүй. Хайгуулын тусгай зөвшөөрөл авахын тулд хэрхэн дугаар авах, хэрхэн өргөдөлөө өгөх вэ гэдгийг аж ахуйн нэгжүүдэд таниулах туршилт долоо хоног явагдлаа. Энэ хугацаанд хакердах оролдлогууд бол гарсан. Албан ёсоор цахимаар дугаар тарааж, хүсэлт авч эхлээгүй байхад болсон учраас шалгуулах шаардлагагүй. Шалгуулах гэж өгөөгүй учраас хаанаас халдах гэж оролдсоныг хэлэх бололцоогүй. Оролдлого гарсан ч, хакердаж чадаагүй. Гэхдээ бидэнд 100 хувь хакердуулахгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс энэ эрсдлийг багасгахын төлөө цаашид ажиллана.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль” хэрэгжих хугацаанд хууль бусаар олгогдсон 106 тусгай зөвшөөрлийн 14 дээр сонгон шалгаруулалт зарлаж, хугацаа нь өчигдөр дууслаа. Үр дүнг мэдээллэх бололцоо бий юу?
-Сонгон шалгаруулалтын эцсийн хугацаа өчигдөр буюу есдүгээр сарын 22-нд дууслаа. Бид сонгон шалгаруулалтын дүгнэлтээ хийсэн байгаа. Нийт 14 талбайд сонгон шалгаруулалт зарласан. Гэвч 4 талбайд ерөөсөө санал ирээгүй учраас сонгон шалгаруулалт явагдаагүй. Харин 10 талбайд санал ирсэн. Үүний 4 талбай нь өрсөлдөгчтэй учраас холбогдох журмын дагуу үнэлээд, ялагчийг удахгүй тодруулна. Үлдэх 6 талбайн хувьд зөвхөн нэг өрсөлдөгчтэй, түүнээс дээш өрсөлдөгч бүртгүүлээгүй. Тиймээс холбогдох журамд заасны дагуу нэг сарын хугацаанд нэмж өрсөлдөгч ирэхгүй бол, энэ зургаан талбайг сонгон шалгаруулалтанд оролцсон компаниуд шууд авах боломжтой.
Нийтэлсэн: А.Энхтуул

Н.Чинбаатар: Хакердах оролдлого гарсан учраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа   
Үзсэн: 2849 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй