Шууд Chart

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын анхдугаар тэмцээн болж өндөрлөлөө

2025-06-22 09:25:13

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдсан “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Төв аймгийн Зуунмод хотноо 2025.06.20-21-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээний хоёр дахь өдөр болсон аваргын шатыг Төрийн тэргүүн өөрийн биеэр үзэж сонирхсон бөгөөд түрүүлсэн хонь ноослогчдод шагнал гардуулсан юм.

Шагнал гардуулах ёслолд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр тэргүүтэй Засгийн газрын гишүүд, УИХ-ын Байнгын хорооны дарга, гишүүд, гадаад улсаад Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөллүүд болон орон нутгийн удирдлагдууд оролцлоо.  

Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх ажлын  хүрээнд зохион байгуулсан уг тэмцээн хонины ноосны үнэ цэнийг өсгөх, хаягдалгүй ашиглах, ноосон бүтээгдэхүүний эцсийн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой төдийгүй малчдын хөдөлмөрийг хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэсэн техник, технологийг нэвтрүүлэх, сурталчлах, таниулах, түүнийг эзэмшсэн залуусыг урамшуулснаараа онцлогтой боллоо.

“Алтан хайч-2025” тэмцээнийг уламжлалт гар хайч болон цахилгаан хайчаар ахлан суралцагч, мэргэжлийн гэсэн 3 төрлөөр зохион байгуулсан бөгөөд  21 аймгийн 100 гаруй малчин, тамирчид хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн.

Тэмцээнд байр эзэлж, шагнал хүртсэн хонь ноослогчдыг танилцуулж байна.

“ЦАХИЛГААН ХАЙЧ”-НЫ МЭРГЭЖЛИЙН ТӨРЛИЙН тэргүүн байрт:  Архангай аймгийн Хотонт сумын малчин Эрдэнэцогтын Баасандорж

Хоёрдугаар байрт: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын малчин Лхагвасүрэнгийн Сэржбүдээ

Гуравдугаар байрт: Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин Гантулгын Мягмар-Очир

Тусгай байрт: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын малчин Дорждэрэмийн Цэнд-Аюуш нар тус тус шалгарлаа.  

“ЦАХИЛГААН ХАЙЧ”-НЫ СОНИРХОГЧДЫН ТӨРЛИЙН тэргүүн байрт: Архангай аймгийн Цэнхэр сумын малчин Чулуунбатын Азбаяр

Хоёрдугаар байрт: Архангай аймгийн Цэнхэр сумын малчин Гантөмөрийн Болд-Эрдэнэ

Гуравдугаар байрт: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын малчин Жаргалын Баяртөгс

Тусгай байрт: 9 минутад 5 хонь хяргасан амжилтаар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын малчин Эрдэнэболдын Баасанцэрэн нар тус тус тодорсон.

“ГАР ХАЙЧ”-НЫ ТӨРЛИЙН тэргүүн байрт: Говь-Алтай аймгийн Дарви сумын малчин, Монгол Улсын аварга малчин Шагдарсүрэнгийн Батмагнай

Хоёрдугаар байрт:  Төв аймгийн Баянхангай сумын малчин Гантөрийн Ганбаяр

Гуравдугаар байрт: Өвөрхангай аймгийн Хужирт сумын малчин, Монгол Улсын аврага малчин Жамъяангийн Цэрэндорж

Тусгай байрт: Дорнод аймгийн Баян-Уул сумын малчин, Аймгийн аварга малчин Батболдын Лхагвадорж нар тус тус байр эзлэв.   

Энэ үеэр Архангай аймгийн Хотонт сумын малчин Эрдэнэцогтын Баасандорж 2026 онд Шинэ Зеланд Улсад зохион байгуулагдах Хонь ноослогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох батламж, мөнгөн тэтгэлгийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хамт гардан авсан юм.

Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй тэмцээний үеэр ноосны бүтээгдэхүүний загварын шоу, шагайн болон сур харваа жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээ зохион байгууллаа.

Тус тэмцээнийг  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын Газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар болон “Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо” “Монголчуудтай туршлага хуваалцая, үнэ цэнэ бүтээе” ТББ-ууд хамтран зохион байгууллаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


“Алтан хайч-2025” хонь ноослогчдын анхдугаар тэмцээн болж өндөрлөлөө  
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй