Шууд Chart

Монгол-Японы Байгаль орчны яамд хоорондын бодлогын зөвлөлдөх XVI уулзалт болж байна

2025-06-27 15:16:13

Япон Улсын Токио хотноо Монгол -Японы Байгаль орчны яамд хоорондын Бодлогын зөвлөлдөх XVI уулзалт 2025 оны 06 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 

Энэхүү бодлогын яриа хэлэлцээ нь 2011 онд анх байгуулсан. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам (тухайн үеийн нэршлээр) болон Япон Улсын Байгаль орчны яам хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн хүрээнд байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Монгол-Японы Байгаль орчны яамд хоорондын Бодлогын зөвлөлдөх уулзалтыг жил бүр хоёр улс ээлжлэн зохион байгуулж ирсэн.

Тус уулзалтад Монголын талаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Уртнасан тэргүүтэй төлөөлөгчид, Японы талаас Япон Улсын Байгаль орчны яамны Дэлхийн байгаль орчны асуудал хариуцсан дэд сайд Ютака МАЦУЗАВА тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. 

Хоёр улсын байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийг 2015, 2018, 2022 болон хамгийн сүүлд 2023 онд шинэчилсэн бөгөөд тус санамж бичгийг дахин шинэчилж, өнөөдөр зохион байгуулагдаж буй Бодлогын зөвлөлдөх XVI уулзалтын үеэр зургаан жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцон гарын үсэг зурлаа. 

Түүнчлэн уулзалтын үеэр хоёр улсын уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, биологийн олон янз байдлын хамгаалал, цөлжилт болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хамтын ажиллагаа гэсэн сэдвүүдээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тайлан илтгэлийг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны хүрээг тодорхойлох чухал ач холбогдолтой уулзалт болж өнгөрлөө.


Монгол-Японы Байгаль орчны яамд хоорондын бодлогын зөвлөлдөх XVI уулзалт болж байна  
Үзсэн: 139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй