Шууд Chart

Ч.Отгочулуу: Оюутолгойн нөөц нэмэгдсэн

2014-09-24 15:34:08

Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын үед  татвар дутуу төлсөн болон бусад санхүүгийн зөрчил гаргасан хэмээн “Оюутолгой” компанид  татварын байгууллагаас 127 сая ам.долларын акт тавьсан. Үүнийг “Оюутолгой” компани хүлээж аваагүй бөгөөд энэ асуудлаа маргаан таслах журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан юм. Үүнийг маргаан таслах зөвлөл жар хоногтоо багтаан хэлэлцэж, энэ сарын 10-нд шийдвэрээ гаргасан. Энэ шийдвэрийг “Оюутолгой” компани есдүгээр сарын 15-нд хүлээн авсан бол, тус компанийн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл” компани есдүгээр сарын 22-нд татвартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тус компани татварын актын хэмжээг 127 сая ам.доллараас 30 сая ам.доллар болгож бууруулсанд таатай байгаагаа илэрхийлсэн ч, үлдэх татварын талаар дахин нягтлах зүйлс байгаа учир холбогдох байгууллагатай хамтран ажиллана гэж  мэдэгдэлдээ дурдсан юм. Тус компани энэ мэдэгдлийн араас  залгуулаад оюутолгойн далд уурхайн Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ -ийг олон нийтэл танилцуулсан. Өнгөрсөн даваа гаригт олон нийтэд ил болсон энэ ТЭЗҮ-г “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ-д) танилцуулж, хүлээлгэн өгчээ. Тиймээс ТЭЗҮ-г хэзээ баталж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгөх талаар “Оюутолгой” компанийн ТУЗ-ын гишүүн Ч.Отгочулуутай ярилцсан юм.

 

-Оюутолгойн далд уурхайн техник эдийн засгийн үндэслэлийг “2014 оны нөөцийн түвшинд”,  “2014 оны уурхайн амьдрах насны түвшинд”  гэсэн хоёр хувилбараар гаргалаа. Ялгаа нь юундаа байгаа юм бол?

- Оюутолгойд 15 давхар байшин барьж байна гэж бодвол, одоогоор суурийг нь цутгаж, нэг давхарыг барьчихсан байна. Одоо хоёрдугаар давхараа яаж барих вэ. Үүнийгээ яаж санхүүжүүлэх вэ гэдэг асуудал яригдаж байна. Техник эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ-г) урьдчилсан байдлаар үзэхэд хоёр хэлбэрээр хийсэн байна. Эхний хувилбар дээр оюутолгойн хоёрдугаар давхарыг яаж барих вэ гэдэг дээр нилээн фокус хийсэн байсан. Ер нь уурхай цаашид 50 орчим жил үргэлжилнэ. Уурхайн нөхөн сэргээлт, хаалтын ажиллагааг оруулбал, 100 жил үргэлжилнэ. Дараагийн хувилбарт төслийн хүчинтэй хугацаа, амьдралын мөчлөг, уурхайн хаалт хүртэлхийг тооцож гаргасан байсан. Ийм хоёр хувилбараар ТЭЗҮ-г боловсруулсан байсан.

- Үйлдвэрлэлийн зардал ямар байхаар ТЭЗҮ-д тусгагдсан юм бол. Мөн оюутолгойн ордын  нөөц нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл байна?

- Үйлдвэрлэлийн зардлыг одоогоор хэлэх боломжгүй. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл дүгнэлтээ гаргаагүй байгаа учраас үүнээс өмнө хэлэх бололцоо алга. Урьдчилсан мэдээллээр бол, алтны агуулга нилээд өссөн. Өөрөөр хэлбэл, баялаг маань нилээд өссөн ийм дүнтэй байна. Гэхдээ зэсийн үнээс хамаарна л даа. Хэрэв зэсийн үнэ удаан хугацаанд бид нарын хүссэн шиг өндөр байхгүй бол, эдийн засгийн үр ашигтай нөөц тэрийгээ дагаад хэлбэлзэж таарна. Ер нь бол нийт борлуулалтын орлого бол өмнөх ТЭЗҮ-тэй харьцуулахад нилээд өссөн ийм дүнтэй явж байгаа. Энэ бол харьцангуй сайн мэдээ гэж харж байна. Гэхдээ, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гараагүй учраас урьдчилж хэлэхэд эрт байна.

- Та Оюутолгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн. Танай компани техник эдийн засгийн үндэслэлийг хэзээ батлах бол?

- Далд уурхайн техник эдийн засгийн үндэслэл бэлэн болсон. Оюутолгой компанийн гүйцэтгэх удирдлага ТЭЗҮ-г батлах ёстой. Гүйцэтгэх удирдлага ажлаа хэр хийсэн байна гэдэгтэй төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) танилцана. Оюутолгойн ТУЗ-ын гишүүний хувьд юун дээр анхаарах вэ гэхээр, ТЭЗҮ-г олон улсын стандарын дагуу хийгдсэн үү. Мөн манай улсын хууль тогтоомж, тавьж байгаа шаардлагад нийцсэн үү гэдгийг нэлээд сайн харгалзаж үзнэ. Далд уурхайн бүтээн байгуулалтыг хурдан эхлүүлэхийн тулд, шуурхай түргэвчилсэн байдлаар холбогдох шийдвэрийг гаргуулахаар ажиллана. Хамгийн гол нь батлагдсан Техник эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэрхэн хүлээн авах гэдэг хамгийн чухал асуудал.

- Далд уурхайн техник эдийн засгийн үндэслэл баталсаны дараа, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгөхөд хэр их хугацаа зарцуулах вэ?

-Одоогоор бол өнгөрсөн жилүүдэд хийсэн хайгуулын ажлын үр дүнг нэгтгээд, нөөцийн тайлангаа шинэчилсэн байгаа. Энэ нөөцийн тайланг удахгүй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх байх. Үүнийг ашигт малтмалын газар бүртгэж авдаг. ТЭЗҮ-г нэгэн зэрэг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд албан ёсоор өгөх байх гэсэн ойлголттой байгаа. Техник эдийн засгийн үндэслэлийг тухайн компани өөрсдөө баталдаг. Үүнийг бол эрдэс баялгийн зөвлөл хүлээж л авна. Номын дагуу хийгдэж үү, шинжлэх ухааны үндэлэлтэй юу хийгдэж үү гэсэн дүгнэлт гаргаад хүлээж л авна.  Техник эдийн засгийн үндэслэлийг холбогдох дүрэм журмын дагуу албан ёсоор хүргүүлэхийн бол, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцээд авах байгаа. Гэхдээ энэ бол цоо шинэ үйлдвэр биш. Энэ бол тодотгол учраас харьцангуй бага цаг авах боломжтой.

-ТЭЗҮ батлагдсаны дараа дэлхийн 15 банкнаас авах 4 тэрбум ам.долларын санхүүжилт яригдах уу?

- Уг нь бол анх бол тэгэж тохирсон байсан. Өөрөөр хэлбэл, ТЭЗҮ-ийн тодотголыг харж байж төслийн санхүүжилтийн асуудлыг ярина гэж байсан юм. Гэвч сүүлийн нэг жилд хамтарсан гурван ажлын хэсэг байгуулагдсан. Нэгдүгээрт анхны хөрөнгө оруулалтыг хянах. Хоёрдугаарт ТЭЗҮ-ийн тодотголыг хоёр талаасаа яриад явах. Энэ дээр манай нөөцийн шинжээчид нэлээд хэдэн сар ажилласан. Гуравдугаарт төслийн санхүүжилтийн зээлийн нөхцөлийг хэлэлцэх ажлын хэсэг байгуулагдсан. Тэгээд энэ явцад ихэнх мэдээлэл дээрээ хоёр талаасаа ойлголцсон. Ерөнхий хүрээ маань 2010 оны ТЭЗҮ-гийн түвшинд байгаа учраас, энэ тоонууд дээр ойлголцож чадвал заавал ТЭЗҮ батлагдахыг хүлээн шаардлагагүй. Энэ бол ТУЗ-ын шийдэх асуудал.

- Хэрэв оюутолголгойн ТУЗ-ын гишүүд зөвшөөрвөл, баталгааны хугацаа  дуусахаас өмнө зээл авах бололцоотой гэж ойлгож болох уу. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтанд санхүүжилт олгох сонирхолтой дэлхийн 15 банк, санхүүгийн байгууллагын баталгаа энэ сарын 30-нд дуусах байгаа?

-Ер нь бол зээл авах үйл явц олон сар үргэлжилдэг. Шийдвэр гаргах боломж бол байгаа.

- Татварын маргаан шийдэгдсэн гэж манай талаас үзэж байгаа. Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг “Туркойз хилл” компанийн зүгээс ТЭЗҮ-гээ боловсруулаад танилцууллаа. Эдгээрээс гадна, оюутолгой дээр шийдвэрлэгдээгүй яг ямар асуудал үлдэж байна?

-Одоо бол том асуудал үлдээгүй.

- Анхны хөрөнгө оруулалтаа нягталчихсан юм уу?

-Анхны хөрөнгө оруулалтыг бол нягталсан. Гэхдээ тоон дээр эцэслэж тохирох зүйл байгаа. Энэ нь бол хуулийнхаа дагуу манай санхүүгийн байгууллагууд хийгээд явчих боломжтой. Хоорондоо хоёр талаас ажиллаж байна. Оюутолгой компани дэлхийн хэмжээний том төсөл. Бүртгэлийнх нь стандарт манайхаас өөр. Бид манай хуулийн дагуу бүртгэлийнхээ стандартыг, нягтлан бодох бүртгэлийн бодлогоо батлуулах ёстой гэж байгаа. Хөрөнгө оруулагчид болохоор, хөрөнгө оруулалтын гэрээгээр олон улсын стандартыг ашиглах эрх бидэнд байгаа гэсэн ийм зүйл яридаг. Ер нь бол хоёулаа нэг зүйлийг яриад байгаа ч, яаж бүртгэх вэ гэдэг дээр ойлголцлын зөрүү байгаа. Үүнийг цаашид ердийн, ажлын үед яриад шийдэх бүрэн боломжтой. Нягтлах бодох бүртгэлийн журам аль ч байгууллагад байдаг. Үүнийгээ хамтраад шинэчилээд явчих юм бол, асуудал байхгүй. Үүнийг оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлийн болон хувь нийлүүлэгчдийн хүрээнд яриад байх асуудал биш гэж үзэж байна.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийтэлсэн: А.Энхтуул

Ч.Отгочулуу: Оюутолгойн нөөц нэмэгдсэн   
Үзсэн: 2885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-09-24 18:18
Za, za, ashtai yuu.

Бидэнтэй нэгдээрэй