
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Дэлхийн аварга шалгаруулах Мас-рестлингийн VII тэмцээн”-ийг 2025 оны долоодугаар сарын 31-нээс наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Архангай аймгийн төвд, “АРА” спорт цогцолборт насанд хүрэгчид болон өсвөр үе гэсэн ангиллаар зохион байгуулна.
Энэхүү тэмцээний зохион байгуулах эрхийг Олон улсын мас-рестлингийн холбоо 2024 онд Монгол Улсад олгосон юм. Тус тэмцээнд дөрвөн тивийн 33 орноос нийт 300 гаруй тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөл, хүндэт зочид Архангай аймагт хүрэлцэн ирээд байна.
Монгол Улсын Засгийн газар энэхүү тэмцээнийг соёл, спорт, аялал жуулчлалыг хослуулсан цогц арга хэмжээ болгон онцгойлон анхаарч, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын мас-рестлингийн холбоотой хамтран зохион байгуулж байна. Энэ нь дэлхийн хэмжээний тэмцээнийг анх удаа орон нутагт зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд бүс нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахуйц, жишиг арга хэмжээ болох юм.
Уг тэмцээн нь дэлхийн олон орны шилдэг тамирчдын авьяас чадвар, тэсвэр хатуужлыг сорих, шинэ дээд амжилтуудыг тогтоох боломжтой өрсөлдөөн ихтэй, сонирхолтой уралдаан болох төлөвтэй байна. Түүнчлэн соёлын тоглолт, үзүүлбэр, бэсрэг наадам, мөн Архангайн байгалийн үзэсгэлэнт газар, халуун рашаануудыг үзэх аяллын хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамыг төлөөлөн Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан, мэргэжилтэн Д.Соёлмаа нар Архангай аймагт ажиллаж байна.
Тэмцээнийг “ТВ-9” телевиз орон даяар шууд дамжуулан хүргэх ба ОХУ-ын спортын төв суваг болох “Матч ТВ” олон улсад сурвалжлан хүргэнэ.
Мас-рестлинг буюу “модон барилдаан” нь ОХУ-ын Саха Якутын үндэсний спортын төрөл бөгөөд “мас” гэдэг нь якут хэлээр “мод” гэсэн утгатай. Энэ спорт нь нүүдэлчин ард түмний биеийн тэнцвэр, хүч чадлыг сорьж ирсэн олон зуун жилийн түүхтэй билээ.
Мас-Рестлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Архангай аймагт зохион байгуулж байна | ||
Үзсэн: 331 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.