
Багш нарын төлөөлөл Боловсролын сайдад хүргүүлсэн цалин нэмэгдүүлэх шаардлагынхаа хариуг авахаар өнөөдөр Боловсролын яамны гадаа жагсаал зохион байгууллаа. Энэхүү жагсаалд орон нутгийн багш нарын төлөөлөл оролцож байгаа аж.
Багш нарын зүгээс Боловсролын сайдад орон сууцны хүртээмж болон цалингийн бодитой нэмэгдлийн талаар шаардлагыг хүргүүлсэн байна. Уг шаардлагад дорвитой хариу өгөхгүй бол есдүгээр сараас ажил хаяна гэдгээ мэдэгдэж байна.
Энэ талаар багш нарын төлөөлөл "Боловсролын салбарт 30 жил ажиллаж байна. Гүйцэтгэлийн үнэлгээгээр үнэлэгдээгүй. Гурван жил ажилласан багш нэгдүгээр түвшинд үнэлэгдэж гучин жил ажилласан багш нэг ч түвшинд үнэлэгдээгүй байх жишээтэй байна. Маш харамсалтай. Энэ гүйцэтгэлийн үнэлгээг хэзээ болих вэ. Цэцэрлэгийн багш нар 40-45 хүүхэдтэй ажиллаж байна.
Хүүхдийн тооны хэмжээг 25-30 болгох хэрэгтэй байна. Бид стандартаа баримаар байна. Цалин нэмэгдэхгүй байгаа учраас бид хүүхдийн тоог стандарт хэмжээндээ баримаар байна. Гадны оронд ингэж ажилладаг багш байхгүй. Багш нар бие өвдсөн гэж чөлөө авдаггүй. Ангидаа дусал тариагаа хийлгээд ажлаа хийдэг. Цэцэрлэгийн багш нар өөрсдөө аяга тавгаа угааж байна.
Аяга угааж байх хооронд хүүхэд унаж гэмтэл авбал багш нар хариуцлага хүлээнэ. Цэцэрлэгүүдэд автомат аяга таваг угаагчтай болгох хэрэгтэй. Сайн багш нар Солонгос явж ажил хийж байна" зэрэг асуудлыг хэлж байна.
Боловсролын сайд П.Наранбаяр “Багш нарын шаардлагыг наймдугаар сарын 13-ны өдөр хүлээж авсан. Шаардлагыг хариуг хуульд заасанд хугацаанд өгнө. 2025 оны долоодугаар 25-ны өдөр Ерөнхий сайдын 04 тоот албан даалгавар гарсан байгаа. Үүнд боловсролын дэмжих хүрээнд цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, орон сууцны дэмжлэг үзүүлэх санал боловсруулж, 2025 оны наймдугаар сарын 30-ны өдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Энэ хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Багш нарын цалин нэмэгдүүлэхийг би хувьдаа дэмжиж байгаа. Ажлын хэсэг Монголын үйлдвэрчний эвлэл орсон байгаа” гэв.
Багш нар цалин нэмэхийг шаардаж жагсаж байна | ||
Үзсэн: 116 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.