
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газраас улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, Улсын Их Хурлын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар холбогдох яамд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төлөөллийг оролцуулсан уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат “Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай”, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41, “Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, “Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 47 дугаар тогтоолын биелэлттэй танилцах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын 321 дүгээр захирамжаар байгуулагдаж, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг ахлан ажиллаж байгаа талаар оролцогчдод мэдээлэл танилцуулж, тус ажлын хэсгийн хүрээнд мэдээлэл солилцон цаашид хэрэгжүүлэх ажлын санал солилцохоор уулзалт зохион байгуулж буйг танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолын хүрээнд байгалийн нөөц болон дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авсан 19 газрын хил зааг тогтоохыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан бөгөөд өнөөг хүртэл хил зааг батлагдаагүй байгаа хэмээн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Золбаяр дурдаад, өмнөх онуудад хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийв.
Улсын тусгай хамгаалалтад авахтай холбогдуулан өмнө нь олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн нөхөх олговрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар болон цаашид хил зааг тогтоох асуудалтай холбогдуулан зөвшилцөлд хүрч ажиллах асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Геологийн бодлогын газрын дарга Х.Санчигдорж танилцуулсан юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зүгээс байгалийн нөөц болон дурсгалт газрын хил заагийг урьдчилж тогтоон, одоогоор ямар нэгэн маргаан үүсээгүй газар нутгийн хил заагийг Засгийн газрын нэгдсэн хуралдаанд танилцуулан шийдвэрлэх, ашигт малтмалын хайгуулын болон, ашиглалтын талбайг эргэн хянах, орон нутгийн саналыг харгалзан салбарын яамд зөвшилцөн дахин Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргав.
Түүнчлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд байгалийн нөөц болон дурсгалт газрын хил зааг тогтоох үүрэг бүхий ажлын хэсэг өмнөх онуудад ажилласан аж. Энэхүү өмнөх ажлын хэсгийн дүгнэлтийг шинэчлэх чиглэлээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран ажиллахаар төлөвлөж буй талаар тус яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Н.Уранчимэг мэдээлэл өглөө.
Уулзалтын үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж, байгалийн нөөц болон дурсгалт газрын хил зааг, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын талбайн хил заагийг орон нутгийн саналыг харгалзан хамтран тогтоож нэгдсэн дүгнэлт гаргах, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зүгээс биелэлтэд хяналт тавин, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллан, ажлын явцын талаар тухай бүр эргэн танилцуулахаар тогтов.
УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар
Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов | ||
Үзсэн: 150 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.