Шууд Chart

Газар хөдлөлтийн голомтын ойролцоох тосгод бүхэлдээ сүйдэж, амиа алдагсдын тоо нэмэгдэж байна

2025-09-02 12:58:58

Афганистаны зүүн хэсгийн Нангарар болон Кунар мужийн нутаг дэвсгэрт наймдугаар сарын 31-ний өдөр 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн.

Газар хөдлөлтөөр амиа алдагсдын тоо цаг минутаар нэмэгдсээр өнөөдрийн байдлаар /2025.09.02/ 800 даваад байна.

Мөн мянга мянган хүн гэмтэж бэртжээ.

Газар хөдлөлтийн голомтын ойролцоох тосгод бүхэлдээ сүйдсэн тул нас барагсдын тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна.

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд ачааллаа дийлэхээ больж, зарим тосгонд аврах баг хүрч очихын аргагүй байгаа ч Засгийн газар нисдэг тэргээр тусламжийн баг хөдөлгөж, эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа юм.

Тосгоны 95 хувь нь сүйрсэн бөгөөд айл бүрт 5-10 шархтай хүн байгаа гэдгийг Нургал бүсийн оршин суугч Мазар Дара хэлжээ.

Газар тариалангийн талбай багатай уулархаг Кунар муж хамгийн их хохирол амссан бөгөөд ихэнх нас баралт тус мужид бүртгэгдсэн. Кунар мужийн айл өрхүүд ихэвчлэн шавар, чулуугаар байшингаа барьсан байдаг. Мөн замууд нь уулыг тойрсон шороон зам учраас сүүлийн хэдэн өдрийн үер, хөрсний гулгалт, газар хөдлөлтөөр нөхцөл байдал улам хүндэрчээ.

Одоогийн байдлаар Хятад, Энэтхэг, Их Британи, Швейцарь зэрэг хэд, хэдэн улс тусламж үзүүлэхээ мэдэгдээд байна.

Афганистан улс газар зүйн хувьд хэд хэдэн хагарлын шугам дээр байрладаг бөгөөд 2020 онд 2000, 2023 онд 1000 гаруй хүнээ газар хөдлөлтөөр алдаж байжээ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 


Газар хөдлөлтийн голомтын ойролцоох тосгод бүхэлдээ сүйдэж, амиа алдагсдын тоо нэмэгдэж байна  
Үзсэн: 182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй