Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2025-09-02 14:01:17

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Бээжин хотноо уулзав.

Уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин ШХАБ-ын дээд түвшний уулзалт болон Дэлхийн II дайн, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн баярт хүрэлцэн ирж оролцсонд Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар дээрх арга хэмжээнүүдэд оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү ялалтыг авчрахад Монгол Ардын хувьсгалт цэрэг Зөвлөлтийн армитай хамтран Зүүн хойд Хятадыг чөлөөлөх байлдааны ажиллагаанд оролцон өөрсдийн алтан амиа зориулан баатарлаг гавьяа байгуулсныг онцлон тэмдэглэлээ.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын манлайлал дор Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл улам бэхжиж, бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагааны үлгэр жишээ болж буйг талууд онцлон тэмдэглэв.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа, эдийн засаг, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулах тодорхой асуудлуудаар санал солилцож, нэгдсэн ойлголцолд хүрэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын тохирсон хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Монгол Улсаас гаргах уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбогдуулан Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг боомтын төмөр замын холболтын ажлыг урагшлуулах, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хамтран хэрэгжүүлэх зэрэг саналыг монголын талаас дэвшүүлэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёр талын хамтран хэрэгжүүлж буй Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Ерөнхийлөгчийн нэрэмжит спорт цогцолбор зэрэг төсөл нь хоёр талын хамтын ажиллагааны чухал ололт амжилт гэдгийг тэмдэглэв.

Мөн хятадын талаас дэвшүүлсэн санал санаачилгуудыг монголын тал дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, эдгээр санал санаачилгын хүрээнд хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг онцлов.

Тухайлбал, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ыг Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулахад хамтран ажиллахаар боллоо.

Түүнчлэн талууд хамтын ажиллагааны дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:

1.     “Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортлох үеийн зөгийн балд тавигдах хяналт, хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газрын хоорондын протокол”,

2.     “Амьтан, ургамал хилээр оруулах, гаргах үеийн хорио цээрийн техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газрын хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”,

3.     “Хэмжил зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”,

4.     “Тохирлын үнэлгээний чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар (Үндэсний баталгаажуулалт, итгэмжлэлийн удирдах газар) хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”,

5.     “Монголын Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, Хятадын мэдээллийн групп хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг” зэрэг болно.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпинтэй уулзлаа  
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй