Шууд Chart

Монгол, Казахстан хоёр улсын хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ

2025-09-06 14:03:46

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчдийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь Монгол-Казахтаны парламентын бүлгийн гишүүд, таван нам, эвслийн төлөөллөөс гадна орон нутгийн удирдлагууд, бизнес эрхлэгчид, судлаачид багтаж, бүх шатны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх яриа хэлэлцээ, уулзалт, арга хэмжээнд оролцож байна.   

Хоёр улсын парламентын удирдлагууд албан ёсны хэлэлцээндээ шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, сансар судлалын чиглэлд туршлага судлах, олон талт харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж буйг илэрхийлсэн. Энэ хүрээнд айлчлалын бүрэлдэхүүн өчигдөр (2025.09.05) Астана хот дахь Сансар судлалын үндэсний төвд зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.

Тус төвийг Казахстан Улсын Засгийн газрын тогтоолоор 2008 онд "Сансар судлалын хүрээлэн", "Ионосферийн хүрээлэн", "В.Г.Фесенковын нэрэмжит астрофизикийн хүрээлэн"-г нэгтгэж, төрийн өмчит хувьцаат компани болгон байгуулжээ.

Сансар судлалын үндэсний төв нь сансрын технологийн загвар бүхий задгай музей, нислэгийн удирдлагын төв, өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын навигаци бүхий иж бүрэн цогцолбор юм. Энд тус улсын сансар судлалыг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, технологийн дэмжлэг үзүүлэх зорилгоор шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тухайлбал сансрын техник, технологийг бий болгоход шинжлэх ухаан, технологийн дэмжлэг үзүүлэх, дэлхийн зайнаас тандан судлах өгөгдлийг хүлээн авах, боловсруулах, дэлхийн царцдас дахь геодинамик, геофизикийн үзэгдэл, үйл явцын сансрын хяналтыг газарт гүйцэтгэх, сансрын цаг агаарыг хянах, урьдчилан таамаглах олон түвшний системийг удирдах, нарны аймгийн систем дэх физик үйл явцыг хянах, Галактикийн систем, нарны аймгийн од, гариг, дэлхийн ойролцоох орон зайг судлах, нисгэгчтэй цогцолборт сансрын судалгаа, туршилт хийх, сансрын салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.

Монгол Улсын Их Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчид сансрын технологийн түүх, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдтэй танилцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Монгол, Казахстан хоёр улсын хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй