Шууд Chart

Бүсчилсэн хөгжлийн бодлогоор орон нутгийн хөгжлийг дэмжиж, уул уурхайн салбарын үр өгөөжтэй уялдуулна

2025-09-11 13:00:40

Эрдэс баялгийн салбарын ил тод нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой "Mining week& MinePro" олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд эхэллээ.

Энэ бол зүгээр нэг уул уурхайн долоо хоногийн арга хэмжээ бус, Монгол Улсын эдийн засгийн ирээдүйг хэлэлцэх чухал яриа, бодит шийдэл, түншлэлийн эхлэл юм.

Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн, Баруун бүс болон Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн чиглэлүүдийг тодорхойлон хөгжүүлэх суурийг тавьсан. Энэхүү бодлогын хүрээнд Хангай, Хойд, Говийн бүсийн хөгжлийн чуулганыг зохион байгуулсан бөгөөд зөвлөлийн хурлуудаар дамжуулан 55 бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргаж, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, бизнес, аялал жуулчлал, ногоон хөгжил зэрэг олон салбарт анхаарч ажиллаж байна.

Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар гол тулгуур хэвээр байгааг бид тоон үзүүлэлтээс харж байна. 2024 онд энэ салбарын ДНБ-д эзлэх хувь 27.3 хувь, улсын төсвийн орлогын 30 хувийг бүрдүүлж, экспортын 94 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнд ногдож байна. Энэ салбарт мянга гаруй аж ахуйн нэгж, олон арван мянган иргэн хөдөлмөр эрхэлж байна. Гэсэн хэдий ч уул уурхайн салбарын үр өгөөжийг илүү хариуцлагатай, стандарттай олборлолт, орон нутгийн хөгжил, хүний нөөц, логистик, чөлөөт бүс зэрэг таван тулгуурт уялдуулан дахин тодорхойлж, урагшлуулах шаардлага бий. Орон нутгийн хөгжлийн 91 төвийг үйлдвэрлэл, үйлчилгээ, тээвэр логистикийн сүлжээнд нэгтгэн хөгжүүлснээр төрийн үйлчилгээ иргэнд илүү ойртож, тэгш хүртээмжтэйгээр хүрэх нөхцөл бүрдэнэ.

Малчид, иргэдийг дэмжих зорилгоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж, 10,177 анхан шатны хоршоо байгуулагдлаа. Ингэснээр малчдын орлого нэмэгдэж, санхүүгийн боломж өргөжиж амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлж байна. Бидний дараагийн зорилго бол эдгээр хоршоог дундын хоршооны бүтэц рүү шилжүүлж, “Нэг сум – нэг дундын хоршоо” зарчмыг хэрэгжүүлэх замаар нийт 330 дундын хоршоо байгуулах. Ингэснээр малчдыг зөвхөн түүхий эд нийлүүлэгч бус, харин нэмүү өртгийн сүлжээнд оролцогч, үйлдвэрлэлийн эзэн болгох нөхцөлийг бүрдүүлнэ.

Бүсчилсэн хөгжлийн бодлогыг эдийн засгийн тэнхлэг, коридороор холбож, үйлдвэрлэл, худалдаа, логистикийн төвүүдийг орон нутгаас эхлэн олон улсын сүлжээтэй уялдуулж байна. Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур, Хөшигийн хөндий зэрэг чөлөөт бүсүүд дээр тулгуурлан үйлдвэр технологийн парк, мега төслүүдийг хөгжүүлэх боломж бий. Үүний үр дүнд тогтвортой ханган нийлүүлэлтийн тогтолцоог бий болгож, зах зээлд чанартай, баталгаатай бүтээгдэхүүн нийлүүлэх нөхцөл бүрдүүлж байна.

Хөрөнгө оруулалтын орчныг шинэ шатанд гаргахын тулд нэг цонхны үйлчилгээний системийг SLA-тайгаар нэвтрүүлж, стандарт, зөвшөөрөл, байгаль орчны үнэлгээний үйл явцыг хөнгөвчлөнө. Мөн маргааныг зуучлан шийдвэрлэх механизмыг хуульчилж, нийгмийн зөвшилцлийг бодитоор хангана. Олон улсын түншүүдтэй хамтран эрсдэлийн даатгал, зээлийн баталгаа, санхүүжилтийн иж бүрэн тогтолцоог бүрдүүлж, хөрөнгө оруулалтыг хамгаалах бодлогоо боловсронгуй болгож байна.

Харин хөрөнгө оруулагчдаас богино ашиг хөөсөн хандлага бус, урт хугацааны, амьдралын мөчлөгт тулгуурласан, орон нутгийн хөгжил, хүний нөөц, дотоодын нийлүүлэлтийг хамарсан хөрөнгө оруулалтыг хүсэж байна. Монголын залуусыг сургаж, мэдлэг-технологийг нутагшуулах нь бидний хамтын зорилго байх ёстой.

Өнөөдөр Налайхаас эхлэн уул уурхайн салбарыг шинэ зуун руу стандарттай, хариуцлагатай, технологитой, орон нутгийн хөгжилтэй уялдуулсан шинэ шатанд гаргах хөдөлгөөнийг эхлүүлж байна. Энэ бол бидний нийтлэг зорилт. Бид түүхий эдээс илүүтэй, экспортод чиглэсэн, нэмүү өртөг шингэсэн эдийн засгийг бүтээж чадна гэдэгт итгэж байна.

Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдын урт хугацааны эрх ашгийг хамгаалж, тогтвортой орчныг бүрдүүлэхийн төлөө хууль эрх зүй, бодлогын дэмжлэгийг тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 


Бүсчилсэн хөгжлийн бодлогоор орон нутгийн хөгжлийг дэмжиж, уул уурхайн салбарын үр өгөөжтэй уялдуулна  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй