Шууд Chart

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган есдүгээр сарын 15-нд эхэлнэ

2025-09-11 17:46:20

Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь чуулган юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна.

Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хуульд заасны дагуу өмнөх ээлжит чуулганаар баталсан бөгөөд уг жагсаалтад батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Намрын ээлжит чуулган эхлэх хугацааг наашлуулж, 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлж, төсвийн төслийг хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатыг шинээр нэмж, 4 байсныг 5 үе шаттай болгож өөрчилсөн.” хэмээн мэдэгдсэн билээ. Энэ нь улсын төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах үйл явцад ил тод, хариуцлагатай байх зарчмыг хангаж, олон нийтээр хэлэлцүүлэх, иргэдийн оролцоог бодит болгох ач холбогдолтой юм. 

Тиймээс энэ намраас эхлэн Монгол Улсын төсвийн төслийг Улсын Их Хурал таван үе шаттай хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Тухайлбал, нэгт, Монгол Улсын Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд төсвийн төслийг, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл холбогдох дүгнэлтээ танилцуулж, Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлж болно.

Хоёрт, УИХ-ын Төсвийн болон бусад Байнгын хороо төсвийн төсөлтэй танилцаж, хуралдаанаараа хэлэлцэх, УИХ төсвийн төсөл, холбогдох хуулиудад заасан шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх асуудлаар санал хураалт явуулна. Гуравт, санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн төслийн танилцуулгыг эрхлэх асуудлын хүрээг баримтлан Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанд танилцуулна. Төсвийн байнгын хороо тухайн байнгын хорооны гишүүд, бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын дэд хороо, Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн аудитын төв байгууллага, УИХ дахь нам, эвслийн бүлгээс гаргасан санал нэг бүрийг хэлэлцэж, санал хураалт явуулна. Нэгдсэн хуралдаанд санал тус бүрээр санал хураалт явуулна.

Дөрөвт, шаардлагатай бол хөрөнгө оруулалтын төсөл, apra хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, хэрэгжих хугацаа, байршилтай холбоотой залруулгыг хийж, нэгдсэн хуралдаанд оруулна.

Тавд, нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншиж сонсгон, зүйл тус бүрээр санал хураалт явуулж, батлуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган есдүгээр сарын 15-нд эхэлнэ  
Үзсэн: 186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй