Шууд Chart

ЗГ: Австрали улстай Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулна

2025-09-24 14:56:51

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны есдүгээр сарын 24-нд боллоо. 

"Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгов. 

Монгол, Австрали хоёр улсын иргэний нисэхийн удирдах байгууллагуудын төлөөлөл 2024 оны 10 дугаар сард уулзалт хэлэлцээ хийж, “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг үзэглэн, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. 

“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлснээр дотоодын агаарын тээвэрлэгчид шинэ чиглэл нээж, зах зээлээ тэлэх, боломжтойгоос гадна олон улсын тээвэр, логистикийн сүлжээнд холбогдож нислэгийн сүлжээг өргөжүүлнэ. Мөн тус улсад сурч, ажиллаж буй манай улсын иргэд, бизнес аялагчид, жуулчид хямд зардлаар зорчих, аялал жуулчлалыг дэмжих, түүнчлэн Монгол, Австрали хоёр улсын харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Монгол Улс Австрали Улстай 1972 онд дипломат харилцаа тогтоож, улс төр, боловсрол, уул уурхай, худалдаа, эдийн засаг, соёл болон иргэний нисэхийн салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж байна.  


ЗГ: Австрали улстай Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулна  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй