Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2025-09-24 15:06:24

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны есдүгээр сарын 24-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Товч мэдээ

·“Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт”-д Үндэсний кино урлагийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 11, Бүх ард түмний санал хураалт зохион байгуулсан өдрийг жил бүрийн аравдугаар сарын 20-нд тэмдэглэхээр нэмэлт өөрчлөлт орууллаа.

·Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд олгогдсон түгээмэл тархацтай ашиг малтмалын тусгай зөвшөөрлийн хэрэгжилтийн явц, бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт шалгалт хийж, хууль бусаар ашигт малтмал олборлогчийн үйл ажиллагааг таслан зогсоох, эвдрэлд орсон, орхигдсон талбайн байгаль орчинд буруутай этгээдээр төлүүлэх, нөхөн сэргээх, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах талаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Аж үйлдэр, эрдэс баялгийн сайдад даалгалаа. 

·“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын 2020 оны 46 дугаар тогтоолоор гурван газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, нэг газар нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар, нийт 19 газрыг улсын тусгай хамгаалалтад авч, газар нутгийн хилийн заагийг тогтоохыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Өнөөдрийн хуралдаанаар байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн зааг буюу эргэлтийн цэгт ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай, өвөлжөө, хаваржааны давхцалтай хэсгийг хасаж, нийт 19 газрын хилийн заагийг тогтоолоо.

·Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүнг танилцуулав. Хуралдаанаас хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу хяналт-шинжилгээний дүгнэлт, зөвлөмжид үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд болон аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох төрийн захиргааны байгууллагын дарга нарт үүрэг болгов.


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо   
Үзсэн: 122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй