Шууд Chart

Монгол Улсын иргэний орон зай, Хүний эрх хамгаалагчийн нөхцөл байдлын талаар танилцуулав

2025-09-29 11:07:22

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 60 дугаар чуулганы үеэр зохион байгуулагдсан “Иргэний орон зайг бэхжүүлэх нь: Хүний эрхийн Үндэсний Байгууллагын гүйцэтгэх үүрэг” арга хэмжээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид оролцож илтгэл тавилаа.

Илтгэлдээ “Монгол Улсын хувьд иргэний болон улс төрийн оролцооны эрхийг хангах чиглэлээр бодлогын түвшинд ахиц гарч байгаа хэдий ч хэрэгжилтийн шатанд тулгамдсан асуудал цөөнгүй байна” хэмээн онцоллоо. “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл”-д иргэний оролцооны эрх зүйн орчныг тодорхойлон, Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай талаар санал уламжилсны дагуу УИХ-аас холбогдох тогтоол баталж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа билээ.

Монгол Улсад 2020–2023 онд нийт 736 удаагийн жагсаал, цуглаан зохион байгуулагдсаны 649 нь нийслэлд, 87 нь орон нутагт болжээ. Эдгээр үйл явцад Комисс хөндлөнгийн хяналт тавьж, хүний эрхийн зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагуудад санал, зөвлөмж хүргүүлж ажиллажээ.

Монгол Улсын Их Хурлаас Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 онд баталсан бөгөөд Ази тивд бие даасан хууль баталсан анхны улс болсон юм. Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм 2022 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд 130 гомдол, мэдээлэл хүлээн авснаас Хүний эрх хамгаалагчийн хорооны 12 дүгнэлт, Комиссын гишүүний 11 зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ. Мөн 13 гомдол гаргагчийг хамгаалалтад авах шаардлага үүссэн хэдий ч зургаан гомдол гаргагч өөрсдийн хүсэлтээр хамгаалалтад орохоос татгалзаж гурван гомдол гаргагч цагдан хорих байранд саатуулагдсан, түүнчлэн амьдарч байгаа газарт нь хамгаалах байр байхгүй, гадаад улсын иргэн тул яаралтай нутаг буцах зэрэг шалтгааны улмаас хамгаалалтад авагдаагүй болохыг танилцуулсан.

Мөн Комисс 2022 онд “Хүний эрх хамгаалагчийн мэдлэг, ойлголт хандлага, хуулийн хэрэгжилтийг тодорхойлох”, 2023 онд “Иргэний нийгэм ба байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт”, 2024 онд “Хүний эрх хамгаалагч болох өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” судалгаа хийж, үр дүнг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22, 23, 24 дэх илтгэлд тусгаж, Улсын Их Хуралд холбогдох саналын хамт хүргүүлсэн талаар мэдээлэв.

Гэрч, хохирогчийг хамгаалах бие даасан тусдаа механизмыг бий болгож, хүний эрх хамгаалагч, нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн этгээдийн аюулгүй байдлыг үр дүнтэй хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгож, хүний нөөцийн хүртээмж, чадавхыг нэмэгдүүлэх, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай байгааг онцоллоо.
Комиссын дарга Д.Сүнжид илтгэлийн төгсгөлд Хүний эрхийн зөвлөлийн 2025 онд баталсан “Иргэний нийгмийн орон зай” 59/10 дугаар тогтоолыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд идэвх санаачилгатай хамтран ажиллахаа илэрхийллээ.

Энэхүү арга хэмжээг Дэлхийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Холбоо (GANHRI) бүс нутгийн сүлжээтэй хамтран дараах зорилготойгоор зохион байгуулав. Үүнд:

- Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын иргэний орон зайг хамгаалан ажиллаж буй туршлагыг хуваалцах;

- Хүний эрх хамгаалагчдын эсрэг хэлмэгдүүлэлт, дарамтыг бууруулах хамгаалалтын тогтолцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлэх;

- Улс орнууд, НҮБ, иргэний нийгмийн байгууллага болон Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замыг эрэлхийлэх.

Тус арга хэмжээнд оролцсоноор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө иргэний орон зай, хүний эрхийг хамгаалагчдын талаар байр сууриа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхээ баталгаажуулсан юм гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос мэдээллээ.


Монгол Улсын иргэний орон зай, Хүний эрх хамгаалагчийн нөхцөл байдлын талаар танилцуулав   
Үзсэн: 119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй