
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөл Палестин, Израилын хурцадмал нөхцөл байдлын талаар нээлттэй хуралдаан хийлээ. Хурлын үеэр олон улсын төлөөлөгчид Израилын Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагаа болон эзлэгдсэн нутаг дэвсгэртээ суурьшлын бодлогоо эрчимжүүлж байгааг шүүмжилж, энэ нь “хоёр улсын шийдэл”-ийн боломжийг алдагдуулж байгааг онцлов.
НҮБ-ын Ойрх Дорнодын Энх тайвны үйл явцын тусгай зохицуулагчийн орлогч Арак Баров сүүлийн гурван сарын хугацаанд Израил суурьшлын өргөтгөл, байшин нураалт, албадан нүүлгэн шилжүүлэлтийг нэмэгдүүлсэн талаар мэдээлж, “Эдгээр үйлдэл нь Палестины газар нутгийг системтэйгээр эвдэж, хууль бус эзлэн авах үйл явцыг улам эрчимжүүлж байна” гэж мэдэгдэв.
НҮБ-д суугаа Палестины байнгын ажиглагч Рияд Мансур “Манай ард түмэн оршин тогтнох, эрх чөлөөтэй, аюулгүй, нэр төртэй амьдрах орлуулшгүй эрхтэй” хэмээн тэмдэглэсэн бол Израилын байнгын төлөөлөгч Дани Данон “Израил олон фронтод тулалдаж байгаа ч бидний зорилго тодорхой. Бид Хамасыг устгаж, барьцаанд байгаа иргэдээ чөлөөлнө.Энх тайван бол зөвхөн эр зориг, хариуцлага, терроризм устгах хүчээр ирнэ” гэж мэдэгдлээ.
Олон улсын төлөөлөгчид Израилын суурьшлын өргөтгөл болон нүүлгэн шилжүүлэлтийн бодлого нь НҮБ-ын шийдвэр, олон улсын хууль тогтоомжийг зөрчиж болзошгүйг анхааруулж, энэ үйлдлүүд нь бүс нутгийн тогтворгүй байдлыг гүнзгийрүүлж, хоёр улсын шийдлийн үндсийг алдагдуулах эрсдэлтэйг онцлов. Хуралдааны төгсгөлд олон улсын хамтын нийгэмлэг талуудыг хурцадмал байдлыг бууруулж, яаралтай хэлэлцээрийн замд эргэн орохыг уриалжээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Палестин-Израилийн нөхцөл байдлыг хэлэлцэв | ||
Үзсэн: 138 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.