Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайдын мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. "Өнөөдөр бид 2025 оны долоодугаар сарын 09-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, хяналт шалгалтын ажлыг эхлүүлж, нүүрсний хулгайтай тэмцсэн ажлын үр дүнг та бүхэнд танилцуулж байна.
Эдийн засгаа сэргээхийн тулд нүүрсний хулгайтай тэмцэхээс бид ажлаа эхлүүлсэн. Эдийн засгаа сэргээнэ гэдэг бол нүүрсний хулгайтай тэмцэнэ гэсэн үг, нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг бол эдийн засгаа сэргээнэ гэсэн үг.
Намайг Ерөнхий сайдаар томилогдоход төсөв 3.3 их наяд төгрөгөөр тасрах эрсдэл үүссэн, эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж унасан байсан. Энэ нь нүүрсний үнэ буурснаас шалтгаалсан байсан. Ингээд ажлаа аваад түүхэндээ анх удаа улсын төсвийг 2.2 их наядаар хэмнэсэн төсвийн тодотгол хийсэн.
Өнөөдөр есдүгээр сарын байдлаар эдийн засаг сэргэсэн. Наймдугаар сарын дүнгээр эдийн засгийн өсөлт 5.7 хувьд хүрсэн. “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосны үр дүнд наймдугаар сарын байдлаар борлуулалтын орлого нь 1.6 дахин, биржийн тээвэр 1.5 дахин, экспорт 1.2 дахин, үр ашиг нь гурав дахин өссөн. Орлого 1.3 дахин, олборлолт 1.1 дахин нэмэгдсэн. Энэ бүхэн бол тэнд бугшсан хулгайтай тэмцсэний үр дүн юм. Үүний үр дүнд эдийн засаг 5.7 хувиар өсөж, валютын нөөц 5.7 тэрбум доллар болж нэмэгдсэн эерэг үзүүлэлтүүд гарч байгаа нь тэнд бугшсан байсан нүүрсний хулгайтай тэмцсэний үр дүн. "Эрдэнэс Тавантолгой"-д хийсэн хяналт шалгалтуудын үр дүнд нүүрсний хулгайн маш олон арга, хэлбэр ил болсон.
Бүгдийг нотолгоотой, баримттай нь АТГ-т шилжүүлсэн. Нэг их наяд төгрөгөөр барьсан нүүрс баяжуулах үйлдвэрийг 18 км-ийн цаана яагаад байгуулсан бэ. Энэ хооронд 1.5 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсан. Онцгой дэглэм тогтоосноор 400 мянган төгрөг болж буурсан. Долоодугаар сарын 19-ний өдөр бид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай дээр очиж ажиллахад олон арван хулгайн тухай яригдаж байсан. Бүгдийг нь таслан зогсоож, АТГ-т шилжүүлсэн. Ийм хол зайд барьчихаад Бортээгийн уурхайд болохоор аман дээр нь баяжуулах үйлдвэр барьчихсан. Тэр нь ашиглалтгүй. Энэ тээвэр нь асар өндөр өртөгтэй. 280 тэрбум төгрөгөөр конвер барих ёстой. Тэр конвер нь барьж дуустал нөгөө нэг их наядын үйлдвэр үр ашиггүй. 10 сая тонн угаах хүчин чадалтай энэ нүүрсний үйлдвэр ашиглалтад орсон бол 44 их наядын хулгайгаас илүү орлого Монгол Улсад ирээдүйд, урт хугацанд орох бололцоотой ийм үйлдвэр сул зогсож байгаа юм. Ийм үрэлгэн задгай байсан. Одоо тэрнийгээ ашиглалтад оруулахын тулд 280 тэрбум төгрөгөөр конверын шугам барьж байгаа.
Нүүрсний хулгайг бүрмөсөн таслан зогсоохын тулд, эдийн засгаа сэргээхийн тулд тэнд байгаа орд газруудын үр ашгийг сайжруулах шаардлага гарсан. Тийм учраас Монгол Улсын төсөвтэй хамт эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа цорын ганц орд болох Тавантолгойн таван ордын нэг Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ ордыг ашиглах тухай тогтоолын төслийг өргөн баримагц намын даргад нэр дэвшихгүй гэж гурван сарын өмнө хэлж байсан УИХ-ын дарга яаран сандарч, нэр дэвших мэдэгдэл хийж эхэлсэн. Та бүхэн санаж байгаа. Залуучууд гудамжинд жагсаж, нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардаж байсан. УИХ, Засгийн газар тухайн үед нээлттэй сонсгол зохион байгуулсан. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тухайн үед уг сонсголыг зохион байгуулж байсан. Би яг үүнтэй адилхан УИХ-ын даргыг нүүрсний хулгайн тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь УИХ-ын дарга энэ асуудлуудад нэр холбогдсон байсан. Өнөөдөр эвлэлдэн нэгдэх тухай ярьж байна. Эв нэгдэл шударга ёс дээр тулгуурлах ёстой.
Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайд би Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа ард түмэндээ хандан мэдэгдэж байна. Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, эрс шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо" гэлээ.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.