Шууд Chart

Цаг агаарын мэдээтэй хамт Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн агаарын бохирдлын хэмжээг тогтмол мэдээлэхийг даалгажээ

2025-10-07 14:24:57

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан.

Энэхүү тогтоолоор агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр 2025 онд дуусаж байгаатай холбогдуулан агаарын бохирдлыг бууруулах урт, дунд, богино хугацааны цогц төлөвлөгөө болон хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх төлөвлөгөөг хараат бусаар, хөндлөнгийн хяналт хийх иргэд, олон нийт, төрийн бус байгууллагуудын оролцоог ханган боловсруулж, хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан юм.

Мөн агаарын бохирдлын өндөр эрсдэлтэй бүсийг тодорхойлж, тухайн бүсэд байрлах сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дотоод орчны агаарын чанарыг тогтмол хянах, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах арга хэмжээг орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг аймаг, нийслэл, сум, дүүргийн гэр хорооллын өрх бүрд байршуулах, тогтмол ажиллагааг хянах, уг мэдрэгч ажилласан тохиолдолд шуурхай арга хэмжээ авахыг тогтоолоор даалгажээ.

Олон нийтийн радио, телевизийн цаг агаарын мэдээтэй хамтатган Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн агаарын бохирдлын хэмжээг өдөр тутам нийтэд тогтмол мэдээлэх, агаарын бохирдлын мэдээлэх тогтолцоог боловсронгуй болгох талаар Засгийн газарт өгсөн чиглэлд тусгасан байна.

Түүнчлэн угаартаж амь насаа алдсан иргэдийн мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийж шалтгааныг тогтоож, нотолгоонд тулгуурлан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах, зан үйлийг нь өөрчлөх, эмнэлгийн бэлэн байдлыг ханган ажиллах, ахуйн орчинд угаартсан иргэдэд нөхөн төлбөр олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар даалгаж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор гадаад, дотоод орчны агаарын чанарын болон шахмал түлшний стандартыг шинэчлэх ажлыг нэн даруй зохион байгуулж хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ.

Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр гэр хорооллын өрх, аж ахуйн нэгжид гэр, байшингийн дулаалгын арга хэрэгслүүдийг зааж сургаж, хатуу түлшний хэрэглээг халах ажлыг зохион байгуулахдаа стандартын шаардлага хангасан цахилгаан халаалт, хий, бусад түлшийг ахуйн орчин нөхцөлд нь эрсдэлийн болон өртөг, үр ашгийн үнэлгээг хийж, иргэд өөрсдөө сонгох эрхтэй байхаар зохицуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолд тодорхой заажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Цаг агаарын мэдээтэй хамт Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн агаарын бохирдлын хэмжээг тогтмол мэдээлэхийг даалгажээ  
Үзсэн: 123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй