Шууд Chart

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдав

2025-10-12 14:53:48

Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх мягмар гарагаас нутгийн ихэнх хэсгээр нойтон цас орж, явган шуурга болох гэж байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссыг өнөөдөр (2025.10.12) зарлан хуралдууллаа. 

Хуралдаанаар хөдөө аж ахуй, эрчим хүчний салбар болон нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.

Энэ сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын зарим хэсгээр, 14, 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх хэсгээр, говийн аймгуудын хойд хэсгээр, 17-нд нутгийн хойд, 18-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, явган шуурах төлөвтэй байгааг ЦУОШГ мэдээлэв.

Баруун аймгуудад хадлангийн гарц тааруу  учраас зүүн аймгаас хангалт хийж байна. 1.5 сая тонн байгалийн хадлан бэлтгэхээс 1.1 сая тонныг бэлтгэжээ. 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 157.1 мянган тонн улаанбуудай хураан авсан байна. Мөн 81.7 мянган тонн төмс, 50.8 мянган тонн малын тэжээл хураан аваад байна. 

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 87 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар төвийн бүсийн станцууд 626.9 мянган тонн нүүрс, 2519 тонн мазутын нөөцтэй байна. 

Нийслэлд борлуулалтын 500 цэгт хагас коксон шахмал түлшийг нийлүүлж эхэлжээ. 25-26 оны халаалтын улиралд нийт 306.000 тонн хагас коксон түлш импортлох юм.  Нийлүүлэлт хэвийн байхад түлш, шатахууны зохиомол хомсдол үүсгэж буй ААН-үүдийг шалгаж,  шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Г.Занданшатар дахин сануулав. 

2025 оны 06-р сарын 22-нд болсон УОК-ын хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажил хангах үүрэг чиглэл өгсөн. Гурван сарын хугацаанд хийсэн ажлынхаа биелэлтийг ирэх 7 хоногт болох Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг даалгав. Засгийн газрын үйл ажиллагааг санаатай саатуулж, эс үйлдэхүй үзүүлж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа.


Улсын онцгой комисс өнөөдөр хуралдав  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй