
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотод бүртгэлтэй, бие даасан зөвлөх болон харилцаа холбооны үйлчилгээ үзүүлдэг “Atticus Partners” гэх компанийн зүгээс 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан мэдэгдэлдээ Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж байсан хэмээн дурджээ.
Гадаад харилцааны яамны зүгээс "Atticus Partners” гэх байгууллагатай ямар нэг хэлбэрээр хамтран ажиллаж байгаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэлт баримтлалд заасны дагуу гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Гадаад харилцааны яам нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгалах, төрийн захиргааны төв болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих үүргийг гүйцэтгэдэг.
Төрийн болон албаны нууцын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолын дагуу төрийн дээд, өндөр хэмжээний харилцан айлчлал, хоёр болон олон талын яриа, хэлэлцээний тухай мэдээлэл нь төрийн нууцад хамааруулахмэдээлэл болно /Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13.1.1.д/.
Гадаад харилцааны яам төрийн дээд, өндөр түвшний гадаад айлчлал, арга хэмжээ болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг төрийн нууцтай танилцах эрхгүй нэгж, албан тушаалтан, гадаад улсын хуулийн этгээдтэй хуваалцах, аливаа ажил гүйцэтгүүлэх боломжгүй бөгөөд энэ нь хуулиар хориотой юм хэмээн Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ.
ГХЯ: "Atticus Partners” гэх байгууллагатай хамтран ажиллаж байгаагүй... | ||
Үзсэн: 125 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.