Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо

2025-10-14 06:46:06

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр тус улсад хүрэлцэн очоод байна. Өнөөдөр түүнийг албан ёсоор угтан авах ёслол болно.

Энэ айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд болж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийн, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Мөн “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл” гаргаж, хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхтэй холбоотой 10 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга Ч.П.Радхакришнанг, Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла, Гадаад хэргийн сайд Др.Субрахманям Жайшанкар, Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх нарыг хүлээн авч уулзан, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Гандигийн дурсгалын “Ражгат” цогцолборт цэцэг өргөн, Ерөнхий сайд Нарендра Моди-той дурсгалын мод тарьж, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан гаргасан шуудангийн маркийн нээлтэд оролцоно.

Айлчлалын хүрээнд Монгол, Энэтхэгийн бизнес форум болон “Монголын сайхан орон” сэдэвт тоглолт, гэрэл зургийн болон морин хуурын үзэсгэлэн зохион байгуулна.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо  
Үзсэн: 153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй