Шууд Chart

"Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах" хөтөлбөрт 10.000 суралцагч хамрагдлаа

2025-11-19 11:45:04

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 437 дугаар тогтоолоор мазаалай баавгайг “Үндэсний бахархалт амьтан” хэмээн зарлаж, үндэсний болон олон улсын хэмжээнд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад даалгасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай баавгайг хамгаалах цогц ажил”-ын үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.6-д “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах хөтөлбөр боловсруулж, сургалт хийх” ажил тусгагдсан.

Энэхүү ажлын хүрээнд Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар болон Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамны дэмжлэгтэйгээр Нийслэлийн боловсролын газар, Байгалийн түүхийн музейтэй хамтран “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа.

Тус хөтөлбөрийн зорилго нь мазаалай баавгайгаар төлөөлүүлэн Монгол орны биологийн олон янз байдлын үнэ цэнэ, экосистемийн ач холбогдлыг хүүхэд, залууст таниулах, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, тэдэнд байгаль хамгаалах зөв хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн байна.

Хөтөлбөрт ерөнхий боловсролын 20, 21, 24 дүгээр сургуулийн бага анги, 23, 33, 106, 107 дугаар сургуулийн дунд анги, “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль, “Шинэ-Эхлэл” сургуулийн ахлах ангийн суралцагчид, Техник технологийн политехник коллежийн 1-3 дугаар ангийн оюутнууд нийт 10,000 суралцагч хамрагдлаа.

Мазаалай баавгайн боловсрол олгох сургалт, үйл ажиллагааг байгалийн түүхийн музейн үзмэрт түшиглэн хосолсон сургалтын хэлбэр буюу “музейн өмнөх – музей дэх – музейн дараах” гэсэн гурван үе шатаар зохион байгуулж, танхимын сургалтыг хичээлээс гадуурх үйл ажиллагаатай хослуулсан нь шинэлэг байв.

Тус хөтөлбөрт хамрагдсан суралцагчдын нас, сэтгэхүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн таван түвшинтэй хөтөч гарын авлагыг багшийн зөвлөмжийн хамт боловсруулан, сургалт-үйл ажиллагаанд ашигласан байна. Тухайлбал:

  • I-III анги Мазаалай баавгай: Говийн баавгай
  • IY-Y анги Мазаалай баавгай: Говийн гайхамшигт
  • YI-YII анги Мазаалай баавгай: Үндсэн шинж, ангилал
  • YIII-IХ анги Мазаалай баавгай: Амьдрах орчин
  • Х-XII анги Мазаалай баавгай: Судалгаа хамгаалал

Нийслэлийн төвийн дүүргийн сургуулийн суралцагчид Байгалийн түүхийн музейн үзмэрт тулгуурлан мазаалай баавгай, түүний амьдралын орчныг судалсан бол Багануур, Багахангай, Налайх зэрэг алслагдсан дүүргийн дунд ангийн суралцагчид тухайн дүүрэгт тусгайлан байгуулсан зөөврийн “Түр музей”-н танхимд сургалтад хамрагджээ.

Тус хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн, БОУАӨЯ-ны сайд Б.Батбаатар, БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням, МУ-ын Ерөнхийлөгчийн шашин, соёлын бодлогын зөвлөх Б.Сэргэлэн нар оролцлоо.

Хаалтын үйл ажиллагаанд хөтөлбөрт хамрагдан оролцсон сургуулиудын төлөөлөл 120 оролцогч хамрагдан, суралцагчдын хамтын бүтээлээр үзэсгэлэн гаргасан бөгөөд эдгээрийг олон нийтийн хүртээл болгохоор 2025 оны 11 дүгээр сарыг дуустал Байгалийн түүхийн музейд байршуулжээ.

 


"Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах" хөтөлбөрт 10.000 суралцагч хамрагдлаа  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй