Шууд Chart

Малчидтай өвөлжилтийн бэлтгэл, анхаарах асуудлын талаар санал солилцлоо

2025-11-22 13:38:47

Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг баг болон Баян-Өлгий аймгийн толбо сумын III багийн малчин айлуудаар орж, өвөлжилтийн бэлтгэл, анхаарах асуудлын талаар санал солилцлоо.
 
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын малчных 900 гаруй малаасаа 400 орчмыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үлдсэн малынхаа өвс тэжээлийн бэлтгэлийг хийж байгааг онцолсон юм.
 
Тус сумын Засаг дарга Ц.Алтангэрэл сумын хувьд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад малын үнэ харьцангуй өндөр байгаа нь аймгийн хэмжээнд махны чиглэлийн үйлдвэрүүд болон гаалийн лабораториуд ашиглалтад орж, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдсэнтэй холбоотой гэдгийг мэдээллээ.
 
Харин Баян-Өлгий аймгийн Толбо сумын III багийн малчин Х.Булатбекийнх 600 гаруй малтай байснаас 300 орчмыг нь тарга хүч сайтай байгаа үед нь борлуулж, үлдсэн малдаа өвс, тэжээлийн нөөцөө хангалттай хүрэхээр тооцоолж бэлдсэн байна.
 
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Ховд аймгийн хэмжээнд нэгдүгээр сард их хэмжээний цас орох төлөвтэй байгаа бөгөөд бэлчээрийн даац ихэнх нутгаар хэтэрсэн тул өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа юм.
 
Ховд аймгийн хэмжээнд нийт 10 орчим суманд зудын эрсдэл өндөр байгаа тул Шадар сайд Х.Ганхуяг улсаас шаардлагатай тусламж дэмжлэгийг цаг алдалгүй хүргэнэ гэдгээ малчидтай уулзах үеэрээ онцолсон юм гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
 

Малчидтай өвөлжилтийн бэлтгэл, анхаарах асуудлын талаар санал солилцлоо  
Үзсэн: 120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй