Шууд Chart

Дулааны тавдугаар цахилгаан станц төсөлд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлнэ

2025-11-24 16:23:20

Дулааны тавдугаар цахилгаан станц нь 2x150МВт хүчин чадалтай, орчин үеийн эргэлтэд буцлах үет шаталттай (CFB) технологи ашиглан жилд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан, 4.8 сая ГДж дулаан үйлдвэрлэх бөгөөд утааны хийн шүүлтүүрийн системийн тусламжтайгаар агаар мандалд хаягдах дэгдэмхий үнсийг 99.9 хүртэл хувиар бууруулах боломжтой байгаль орчинд ээлтэй шийдэлтэй байх юм.

Тус төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын эрчим хүчний хангамж сайжрахаас гадна агаарын бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулна. Тодруулбал, Шивээ-Овоо, Багануур, Бөөрөлжүүтийн хүхэр бага, чанарын хувьд илчлэг сайтай хүрэн нүүрс ашигласнаар шаталтын процессын үр ашиг нэмэгдэж, утааны хийн бохирдуулагч бодисын ялгаралт одоо ашиглагдаж буй зарим станцуудтай харьцуулахад бага байх юм.

Эргэлтэд буцламтгай үет шаталттай зуух сонгосноор утааны хийн дахь SOx, NOx төрлийн хий ялгаруулалт техникийн зохицуулалтын нормд нийцэж, олон улсын жишигт хүрэхээр тооцоологджээ.

Түүнчлэн төвлөрсөн дулаанд холбогдох хэрэглэгчийн тоо өсөж, гэр хорооллын яндангийн ачаалал буурч, түүхий нүүрс түлдэг айл өрхийн тоо цөөрөх үндсэн нөхцөл бүрдэнэ. Ингэснээр нийслэлийн утааны хамгийн том эх үүсвэрүүдийн нэг болох гэр хорооллын зуухнаас ялгарах утаа огцом багасаж, өвлийн улирлын утааны оргил цагийн бохирдол буурах эерэг тооцоолол гарсан.

Хотын дэд бүтэц, эрчим хүчний найдвартай байдлыг хангахаас гадна байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологи нэвтрүүлж буй “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах урт хугацааны шийдлийн нэг хэсэг болж байна.


Дулааны тавдугаар цахилгаан станц төсөлд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлнэ  
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй