Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Мексикийн парламентын бүлгийн гишүүн А.Ундраа өнөөдөр Мексикийн Нэгдсэн Улсын Конгрессын депутат, Мексик-Монголын парламентын бүлгийн ерөнхийлөгч Татьяна Тонантзин П.Анжелес Моренотой цахим уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа Монгол-Мексикийн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн мэндийг бүлгийн гишүүдийн өмнөөс уламжлав. Тэрбээр, Монгол Улс “Гуравдагч хөршийн бодлого”-ын хүрээнд Латин Америкийн улс орнуудтай, түүний дотор Мексикийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцлон дурдав.
Мексикийн Нэгдсэн Улсын Конгрессын депутат, Мексик-Монголын парламентын бүлгийн ерөнхийлөгч Татьяна Тонантзин П.Анжелес Морено хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн нийгэм, соёл, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв. Мөн хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагууд 2004 оноос харилцан бүлэг байгуулж, хоёр орны харилцаанд чухал хувь нэмрээ оруулж ирснийг дурдлаа.
Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа цаашид хууль тогтоох чиглэлээр туршлага солилцох, худалдаа, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг дэмжих, жендэр, залуучуудын манлайллын чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Мехико хотын Дэлхийн соёлын үндэсний музейд 11 дүгээр сарын 27-ны өдөр Соёлын элч Н.Ганхуягийн “Цам маск үзэсгэлэн” нээлтээ хийх гэж байгааг дурдаад, тус арга хэмжээнд оролцохыг хүсэв. Мөн УИХ дахь Монгол-Мексикийн парламентын бүлгийн зүгээс Монгол, Мексикийн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн Засгийн газрын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллахаа мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
| Мексик-Монголын парламентын бүлгийн ерөнхийлөгч Татьяна Тонантзин П.Анжелес Моренотой цахим уулзалт хийлээ | ||
| Үзсэн: 179 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.