Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас 2026 оны төлөвлөгөөт засвар, шинэчлэлийн ажлыг гуравдугаар сарын 2-ноос эхлүүлээд байна. Тус ажлыг батлагдсан хуваарийн дагуу аравдугаар сарын 10-ны өдрийг хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд нийт 2132 нэр төрлийн засвар, техникийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Төлөвлөгөөт ажлын хүрээнд ашиглалтын хугацаа дууссан, хугарч унах эрсдэлтэй 0.4–35 кВ-ын 1144 тулгуурыг сольж шинэчлэхээс гадна 0.4 кВ-ын 8000 холболтын хавчаар, 1000 тоолуурын нэгдсэн хайрцгийн буултын кабелийг шинэчлэх ажил багтаж байна. Мөн 6–35 кВ-ын 20 реклоузер, 60 хуурай салгуур суурилуулж, цахилгаан дамжуулах агаарын 10 шугамын ачааллыг хөнгөлөхөөр төлөвлөсөн байна.
Эдгээр засвар, шинэчлэлийн ажлыг хийх хугацаанд нийт хэрэглэгчдийн 27.2 хувьд цахилгаан хангамжийг тасалдуулахгүйгээр зохион байгуулах боломжтой гэж УБЦТС ТӨХК мэдээллээ.
Төлөвлөгөөт засварын ажлын талаарх албан ёсны мэдээлэл болон баталгаат хуваарийг УБЦТС ТӨХК-ийн цахим хуудас, фэйсбүүк, инстаграм зэрэг олон нийтийн цахим сүлжээнээс цаг тухайд нь авах боломжтой. Мөн засварт хамрагдах байршлын хэрэглэгчдэд гэрээт утасны дугаараар нь мессежээр мэдээлэл хүргэж байгаа аж.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон 0.4–35 кВ-ын цахилгаан шугам, тоног төхөөрөмжийн ашиглалтыг хариуцдаг бөгөөд нийслэлийн төвийн долоон дүүрэг болон Төв аймгийн 16 сумын хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг ханган ажилладаг.
| Цахилгаан шугам тоноголд хийх 2026 оны төлөвлөгөөт засварын ажил эхэлжээ | ||
| Үзсэн: 154 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.