Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг хэрэгжүүлж буй. Тус төсөл нь малын гаралтай түүхий эдийн үйлдвэрүүдийг хотын төвийн барилгажсан хэсгээс гарган хөгжүүлж, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх кластер байгуулах цогцолбор төсөл юм. Өнөөдрийн байдлаар Бизнес инкубатор сургалтын төвийн барилга, хамгаалалтын бүс, хоёр ширхэг 630 кВА “Хаалттай дэд өртөө”-ний бүтээн байгуулалтыг хийж дуусаад байна.
Мөн аж үйлдвэрийн паркийн үндсэн дэд бүтэц болох Дулааны цахилгаан станц болон Бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлыг олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны EPC буюу түлхүүр гардуулах гэрээний нөхцөлөөр зарлаж, 2025 оны наймдугаар сарын 26-ны өдөр гэрээг байгуулсан. Төслийг 24 сарын хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Гадна инженерийн шугам сүлжээ, паркийн доторх хэрэглэгчдийг холбох дэд бүтцийн барилга байгууламжийг 2026-2027 онд барих юм.
Төсөл хэрэгжсэнээр жилд 7.5 сая ширхэг арьс шир, 4.6 мянган тонн завод ноос, 5.8 мянган тонн ноос, 3 мянган тонн ноолуур, 2.5 мянган тонн ээрэх, 25.5 мянган тонн мах, 98.4 мянган тонн дайвар түүхий эдийг үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь Улаанбаатар хотоос 30 км зайд нийт 539 га талбайд үйл ажиллагаа явуулах бөгөөд хүнсний агуулах, хүлэмжийн аж ахуй, бизнес инкубатор төв, малын гаралтай барилга байгууламж зэрэг үндсэн долоо, дэд 11 бүсээс бүрдэхээр төлөвлөсөн.
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг байгуулснаар нийт 5600 ажлын байр бий болж, нийслэл дэх агаар, хөрс усны бохирдол үүсгэж буй үйлдвэрүүдийг нүүлгэснээр иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдэх зэрэг олон эерэг үр нөлөө үзүүлнэ. Түүнчлэн тойрог эдийн засгийг дэмжих замаар арьс ширний 55.6 хувийг гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг бэлтгэн экспортод гаргах үлгэр жишээ аж үйлдвэрийн парк болон хөгжүүлэх юм.
| “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна | ||
| Үзсэн: 123 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.