Шууд Chart

Хэнтий аймгийн Батноров сум орон нутгийн хөгжлийн төв болно

2026-03-11 09:47:51

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэнгийн орон нутаг дахь томилолт Хэнтий аймагт үргэлжилж байна. Тэрбээр өнөөдөр Батноров сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралын төлөөлөгчид, Засаг дарга, иргэд, малчид, бизнес эрхлэгчидтэй нэгдсэн уулзалт хийлээ.

Уулзалтад аймгийн Засаг дарга Д.Аюурбунь бол хөрш зэргэлдээ Норовлин, Баян-Овоо удирдлагууд, иргэд, малчдын төлөөлөл ирж оролцов. Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгасны дагуу эдгээр сумд нь таталцан хөгжих бөгөөд Сум дундын хөгжлийн төв нь Батноров сум байх юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн “Бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодит ажил хэрэг болгохоор салбарын яамнаас зорин ажиллаж байна. Энэ хүрээнд Орон нутгийн хөгжлийн төв төсөл хэрэгжүүлж, иргэд, малчид, тариаланчдад бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, тухайн сумдын онцлогт тохирсон үйлдвэр үйлчилгээг хөгжүүлэхэд төрөөс хөнгөлөлттэй зээл, газар олголт зэргээр дэмжин ажиллана. Цаашид нөхөн сэргээгддэггүй уул уурхайн баялагаас олсон орлогыг нөхөн сэргээгддэг өрхийн, бичил, жижиг, дунд, үйлвэр үйлчилгээг тэтгэхэд зориулдаг тогтолцоог бүрдүүлэхийн төлөө ажиллана” хэмээв.

Батноровчууд богино хугацаанд олон шинэчлэг ажил эхлүүлээд буй М.Бадамсүрэн сайдад талархал илэрхийлээд ноолуурын үнэ ханшийг тогтвортой байлгахад анхаарах, Зүүн бүсэд түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах, залуу малчдыг дэмжих бодлого хөтөлбөр хэрэгжүүлэх, орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, малжуулах хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэх, сумдад үүрэн телефоны сүлжээг хангалттай хэмжээнд татах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, малын үүлдэр угсааг мэргэлжийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу сайжруулах, малын хулгайг бууруулах чиглэлээр тууштай ажиллах, газар олголтын асуудал зэргийг хөндлөө.

Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач холбогдол болоод Мал эмнэлгийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн корпорац, Хөдөө аж ахуйн бирж зэрэг байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар оролцогчдод мэдээлэл өгөв.


Хэнтий аймгийн Батноров сум орон нутгийн хөгжлийн төв болно  
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй