Шууд Chart

Венецийн 61 удаагийн Биеннальд Монгол Улсыг төлөөлөн оролцох уран бүтээлчид, кураторын багийг танилцууллаа

2026-03-11 09:57:49

Бүгд Найрамдах Итали Улсад 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдах Дүрслэх урлагийн олон улсын Венецийн 61 удаагийн биеннальд Монгол Улсыг төлөөлөн оролцох уран бүтээлчид, кураторын багийг албан ёсоор танилцууллаа.

Дүрслэх урлагийн олон улсын Венецийн биенналь нь 1895 оноос эхлэн зохион байгуулагдан цар хүрээ, агуулга, ач холбогдол нь өргөжин тэлж, оролцогч уран бүтээлчид өөрийн улс, үндэстний өвөрмөц сэтгэлгээний онцлогийг таниулж, сурталчлахын сацуу хүн төрөлхтөнд тулгарсан нийтлэг сорилт бэрхшээлийн эсрэг эвлэлдэн нэгдэж, урлагаар дамжуулан Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад тунхаглаж буй нэг хэлбэр юм.

Монгол Улсын Засгийн газар 2022 оны 73 дугаар тогтоолоор, Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд монгол уран бүтээлчдийг төрийн дэмжлэгтэйгээр тогтмол оролцуулж байхаар шийдвэрлэсэн. Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам 2 жил тутам тус биеннальд эх орноо төлөөлөн оролцох уран бүтээлч, кураторыг нээлттэй сонгон шалгаруулж, амжилттай оролцуулах ажлыг зохион байгуулж ирсэн.

Энэ удаагийн Венецийн биеннальд монголын орчин үеийн шилдэг уран бүтээлч Б.Номин, Г.Гэрэлхүү, Ё.Төгөлдөр, Д.Дорждэрэм, куратороор Ц.Уранчимэг, Ко-куратороор Томас Эллэр нар сонгогдон “Сүлжилдээн: Хил Дамнасан Холбоос” үзэл баримтлалыг дэвшүүлж дөрвөн уран бүтээлчийн бүтээлийг дэглэн, сүнслэг олон янз байдал, хүн–хүн бус оршихуйн харилцаа, тив дамнасан материал ба үзэл санааны урсгалыг өгүүлэхээр зорьж байна.

Тус биеннальд Монгол Улсын уран бүтээлчид оролцсоноор соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг болох дүрслэх урлагийн салбараар дамжуулан улс, эх орноо олон улсад сурталчлахын зэрэгцээ бүтээлч авьяас чадвараа хөгжүүлж, дэлхийд танигдсан оюуны болон соёлын өвийг бүтээх, монголын соёл, уран бүтээлийн үнэ цэнийг дэлхийн урлагийн чухал платформ дээр илэрхийлэх, соёлын дипломат харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн Монгол Улсын павильон Венецийн биеннальд оролцох нь зөвхөн урлагийн төдийгүй улс орны соёл, эдийн засаг, олон улсын харилцаанд урт хугацааны эерэг нөлөө үзүүлэх чухал боломж юм.


Венецийн 61 удаагийн Биеннальд Монгол Улсыг төлөөлөн оролцох уран бүтээлчид, кураторын багийг танилцууллаа  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй