Шууд Chart

А.Бат-Эрдэнэ "Дээд лиг"-ийн талбайд гарсан хамгийн залуу тоглогч боллоо

2026-05-11 12:59:59

“Улаанбаатар” багийн залуу тоглогч Алтансүхийн Бат-Эрдэнэ 16 нас 3 хоногтойдоо “Дээд лиг”-ийн тэмцээний анхны тоглолтдоо оролцлоо. Монголын хөлбөмбөгийн холбооны Дээд лигийн дүрмийн дагуу 16 нас хүрсэн тоглогч талбайд гарах эрхтэй. Тодруулбал тус дүрэм хэрэгжиж эхэлснээс хойш "Дээд лиг"-ийн тоглолтод хамгийн залуудаа оролцсон тоглогч болсон нь онцлох үйл явдал байлаа. Тус дүрэм гарахаас өмнө 16-с доош настайдаа лигийн тоглолтод оролцсон тоглогчид байдаг боловч энэ дүрмээс хойш хамгийн залуу нь А.Бат-Эрдэнэ юм. 

 
А.Бат-Эрдэнийн хувьд “Улаанбаатар” багийн тоглогч А.Тэмүүжингийн төрсөн дүү бөгөөд өнөөдөр ахынхаа хамт талбайд тоглосноороо мөн онцлогтой байлаа. А.Тэмүүжингийн хувьд "Дээд лиг"-ийн тэмцээнд 2 удаа түрүүлж байсан шилдэг тоглогчдын нэг бөгөөд МХБХ-ны оны шилдэг тоглогчийн шагналыг 2021 онд хүртэж байсан билээ. 
 
Тус тоглолтод А.Тэмүүжин 2 гоол оруулж, 2 гоолын дамжуулалт өгч тоглолтын шилдэг болсон байна. Улмаар "Улаанбаатар" баг 7:1 харьцаатай "Улаангом" багийг хожиж, бүтэн 3 оноогоо авснаар лигийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Тэд одоогоор "Централ Сталлионс" багтай оноогоор тэнцүү, хоорондын тоглолтдоо тэнцсэн учраас гоолын зөрүүгээр 1 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна. МХБХ-ны Дээд лигийн тэмцээний 2-р тойргийн тоглолтууд энэ өдрүүдэд үргэлжилж байгаа бөгөөд "Улаанбаатар" баг 11 тоглолтоос 9 хожиж, 2 тэнцээд байна. 

А.Бат-Эрдэнэ "Дээд лиг"-ийн талбайд гарсан хамгийн залуу тоглогч боллоо  
Үзсэн: 68 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй