Шууд Chart

“ABU Робокон 2026” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд 11 сургуулийн 13 баг өрсөлдөж байна

2026-05-14 19:01:23

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, салбар, салбарт ажиллах үндэсний шилдэг инженерүүдийг чадваржуулах зорилгоор 2002 оноос хойш “Робокон” үндэсний аварга шалгаруулах роботын тэмцээнийг зохион байгуулж ирсэн билээ.

МҮОНРТ, Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтран зохион байгуулж буй “ABU Робокон 2026” үндэсний аварга шалгаруулах роботын тэмцээн өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болж байна.  

“ABU Робокон 2026” үндэсний аварга шалгаруулах  роботын тэмцээнд бүтээлч сэтгэлгээ,инженер, техникийн авьяас чадвараа сорихоор 11 сургуулийн 13 багийн шилдэг  оюутан залуус өрсөлдөж байна.

Энэ жилийн хувьд "Kung Fu Quest" (Кунг-фугийн) сэдвийн дор зохиогдох бөгөөд хоёр робот хамтран зэвсэг угсарч, талбайгаас судар цуглуулж өрсөлдөж байгаа.

Технологийн хувьд нэг робот нь заавал бүрэн автомат ажиллагаатай байх шаардлагатай бөгөөд өндөр нарийвчлалтай мэдрэгч, дүрс боловсруулах, систем болон хүнд хэцүү өндөрлөгүүд дээр тэнцвэрээ хадгалах механикийн нарийн шийдлүүдийг хослуулах нь зохион бүтээгч оюутнуудын ур чадварыг шалгасан тэмцээн болж байна.

Энэ жилийн тэмцээнийг ерөнхий шүүгч, талбай шүүгч, хэмжигчийн шүүгч гэсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй байна.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл “Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз “ABU”-гийн гишүүн байгууллагаар ажилладаг. Захирлуудын гишүүн байгууллагаар өнгөрсөн жилээс сонгогдон ажиллаж байгаа. “ABU” санаачлан зохион байгуулдаг роботокон олон улсын тэмцээнд 25 жилдээ идэвхтэй оролцож байна.

Өнгөрсөн жил “Робокон 2025”  олон улсын тэмцээнийг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан. Өнөөдөр бид  “ABU Робокон 2026” үндэсний аваргаа шалгаруулах гэж  байна. Энэ жилийн “ABU Робокон 2026” үндэсний аварга шалгаруулах роботын тэмцээнд 11 сургуулийн 13 баг оролцож байгаа. Энэ жилийн тэмцээний дүрмийг БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн телевизээс гаргаж Кунг-фугээр өрсөлдөх санаачлага гарсан. Өнгөрсөн жил манай улс 3x3 сагс бөмбөгийн дүрмээр хийсэн.

Инженер, техникийн сэтгэлгээтэй залуучууд болон тэмцээн оролцох хүсэл сонирхолтой оюун залуучуудыг нэгтгэж, жил бүр үндэсний аваргаа шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулна гэдэг робоконы хөдөлгөөнийг дэмжиж байгаа хамгийн том илэрхийлэл. Үндэсний аваргаар шалгарсан баг ирэх наймдугаар сард Хонгконгийн зорино” гэдгийг онцлоо.

Мэдээлэл технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн эрхлэгч Б.Дорж “Манай сургуулиас хоёр бага оролцож байгаа. Өнгөрсөн жил улсын аварга шалгаруулах тэмцээнд манай сургуулийн хоёр бага нэг хоёрдугаар байранд орж, олон улсын тэмцээнд оролцох эрхээ авч байсан. Энэ жилийн багийн хүүхдүүд нэг хоёрдугаар курсийн оюутнуудаас бүрдсэн. Өнгөрсөн жил олон улсын тэмцээнд оролцож байсан учраас намрын улиралд хичээлдээ анхаарч суралцаад хавраас бэлтгэл ажилдаа орсон. Ерөнхийдөө нэгдүгээр сараас эхэлж ажиллаж, бүх зүйлээ төгс бүтээхийг хичээж ажилласан.

ШУТИС- ийн Мэдээлэл технологийн сургуулийн SICT багийн ахлагч О.Золбаяр “Санаа дээр нэлээд анхаарч ажилласан. Ажилдаг боловч хэцүү шийдэлтэй робот байвал эвдрэхээр нь засвар хийхэд хэцүү, хугацаа ч их орно.  Иймээс зөв шийдэл хамгийн амархан хамгийн энгийн байдаг. Намар дүрмээ сонсоод, дүрэмтэй дээр нэлээд анхаарч танилцаад багийн гишүүдээ сонгож авсан.  2026 он гараад бэлтгэл ажилдаа идэвхтэй орсон.

Тэмцээний үед үйлдлээ гүйцэтгэж байхдаа сандрахгүй байх хэрэгтэй. Хүчтэй өрсөлдөгч гараад ирвэл сандрал бий болох гээд байдаг талтай. Бидний хувьд богино хугацаанд шоогоо нэг болон гурваар зөөж, байршуулж байгаа. Тэмцээний явцад арга техник гүйцэтгэлээ чамбай сайн хийх дээр л анхаарна ажиллана” гэлээ.

Талбайн шүүгч Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны бодлого төлөвлөлтийн газрын  шинжээч н.Батсайхан “Энэ жилийн “ABU Робокон 2026” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд 11 сургуулийн 13 баг оролцож байна. “ABU Робокон 2026” олон улсын тэмцээн  Хонгконгд болно. Хонгконгийн дүрэм буюу Кунг-фугээр тоглоно. Кунг-фугийн судрыг цуглууж, шоо  байрлуулж оноо авна. Мөн зэвсэг  буюу жадыг угсарч оноо авна.

Жил жилийн тэмцээний дүрэм өөр өөр байдаг. Энэ жилийн тэмцээн  дээшээ авирах үйлдлийг хийх учраас багуудын хүндрэл зүйл гарч байх шиг байна. Мөн жадыг толгойтой угсрах даалгавар байгаа. Иймээс хоёр машин бүрэн ажиллаж байж оноогоо бүрэн авна гэдгийг багууд анхаарах хэрэгтэй” гэв.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

“ABU Робокон 2026” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд 11 сургуулийн 13 баг өрсөлдөж байна  
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй