Шууд Chart

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15 13:42:09

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр /2026.06.15/ болж, баяр наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтын явцын талаар мэдээлэл солилцлоо.

Хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын зохион байгуулалт, дэд бүтэц, тохижилтын ажлыг нэгдсэн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, гадаад, дотоодын зочдыг хүлээн авах бэлтгэлийг сайтар хангах, салбар хороод уялдаагаа хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолт болон соёл урлагийн арга хэмжээний бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдах бөгөөд нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолтын уран бүтээл, тайзны найруулгын бэлтгэлийг ханган ажиллаж байгаа талаар Соёл урлагийн салбар хороо мэдээллээ.

Мөн үндэсний бөх, сурын харваа, шагайн харваа, хурдан морины уралдааны салбар хороод бэлтгэл ажлаа үе шаттайгаар хэрэгжүүлж, зохион байгуулалтыг ханган ажиллаж байна.

2026 оны Үндэсний их баяр наадам нь түүх, соёл, үндэсний өв уламжлалыг сурталчлахын зэрэгцээ Дэлхийн адууны өдрийн хүрээнд монгол адууны өв соёл, үнэт зүйлсийг олон улсад таниулах онцлог ач холбогдолтой арга хэмжээ болох юм.

 

 

 


Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана  
Үзсэн: 107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй